Home Технологи Apple: “iPhone хэрэггүй болох ирээдүй ирж байна”

Apple: “iPhone хэрэггүй болох ирээдүй ирж байна”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
iPhone

Apple компанийн үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгч Эдди Кьюгийн хэлснээр хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр тус компанийн хамгийн их ашиг өгдөг бүтээгдэхүүн болох iPhone хэрэглээнээс аажмаар гарч болзошгүйг анхааруулжээ. Түүний хэлж буйгаар, технологийн хөгжил ямар ч салбарт бодитой өөрчлөлт авчирдаг бөгөөд Apple цаашид илүү уян хатан, илүү шинэлэг байх ёстой гэнэ.

Тэрээр “Галзуу сонсогдож магадгүй ч 10 жилийн дараа та бүхэнд iPhone хэрэггүй болох байх. Технологийн шилжилт гэдэг бол өрсөлдөөнийг бий болгох хамгийн үр дүнтэй арга. Хиймэл оюун ухаан бол тэрхүү шилжилтийн шинэ үе шат. Үүний ачаар компаниуд шинэ боломжуудыг нээн гаргаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Энэ үгийг тэрээр Google-ийн хайлтын системийн давамгай байдлыг шүүмжилсэн шүүх хурлын үеэр хэлжээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Apple-ийн дотоод удирдлагын түвшинд iPhone-ийн ирээдүйн тухай анхлан дуугарсан хүн нь Эдди Кью байсан бөгөөд тэрбээр тус компанийн дараачийн “том” бүтээгдэхүүн ямар байхыг хэлэхэд эрт ч гэлээ, шинэ боломжууд нээлттэй хэвээр байгааг онцолжээ.

Apple-ийн түүхэн дэх амжилтын үндэс болсон төхөөрөмж бол эргэлзээгүй iPod байсан. Энэхүү жижиг хэмжээтэй, бүхэл бүтэн хөгжмийн ертөнцийг халаасанд авч явах боломж олгосон төхөөрөмж нь технологийн шилжилтийн жишээг тод харуулсан бөгөөд хожим нь iPhone-ийн гарч ирснээр зах зээлээс бүрэн шахагдаж алга болсон. Энэ жишээг дурдахдаа Кью “Бид өөрсдийн iPod-ыг iPhone-оор үгүй хийсэн. Олон компаниуд шинэ технологийн өмнө өөрийнхөө бүтээлийг золиослох сонголттой тулгардаг. Алтан нугасаа ална гэдэг хэцүү ч гарцаагүй үе шат байдаг” хэмээн тодотгосон юм.

Анх 2001 онд зах зээлд гарсан iPod нь 2022 онд албан ёсоор үйлдвэрлэлээс гарсан. Хамгийн сүүлийн загвар болох iPod Touch 2019 онд танилцуулагдаж, хэрэглээний хувьд iPhone-той төстэй байсан нь цаашид тусгайлан үйлдвэрлэх шаардлагагүй болгожээ.

Гэсэн ч өнөөгийн байдлаар Apple-ийн нийт орлогын бараг талыг iPhone бүрдүүлсээр байна. 2025 оны эхний улиралд тус компани 95.4 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үүний 49.1 хувийг зөвхөн iPhone дангаараа бүрдүүлжээ. Шинэчлэлээ үргэлжлүүлэн Apple хамгийн сүүлд “iPhone 16e” загварыг танилцуулаад байна.

Эдди Кью мөн Safari хөтөчид Google-ээс өөр хайлтын систем ашиглах хувилбаруудыг судалж байгааг дурдсан. Тэд хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг “Anthropic”, “OpenAI”, “Perplexity” зэрэг компаниудтай хамтын ажиллагааны талаар хэлэлцэж буйг мэдээлжээ.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.