Google Gemini-д сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих функц нэмнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Gemini

Google компани Gemini чатботод сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих шинэ функцүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү шийдвэр нь хиймэл оюун ухааны хэрэгслүүд хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлж, хор хөнөөл учруулсан гэх үндэслэлээр OpenAI болон Google-ийн эсрэг үүсгээд буй шүүхийн маргаануудын үеэр гарч байгааг “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Тодруулбал, хэрэглэгч чатботтой харилцах явцад амиа хорлох эсвэл өөртөө хор хөнөөл учруулах магадлалтай дохио өгсөн тохиолдолд Gemini түүнийг яаралтай тусламжийн утсанд холбох тусгай интерфэйстэй болох ажээ.

Үүнээс гадна Google сэтгэцийн эрүүл мэндийн сэдвээр өрнөж буй харилцан ярианд зориулсан “Тусламж авах боломжтой” (Help is available) гэх тусгай модулийг нэмж байна. Мөн өөртөө хор учруулах эрсдэлийг бууруулах зорилгоор чатботын дизайнд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байгаа гэнэ.

Тус компаниас мэдээлснээр, Gemini-г хэрэглэгчийн буруу ташаа итгэл үнэмшлийг дэмжихгүй байх, харин субъектив мэдрэмж болон бодит баримт хоёрыг эвтэйхнээр ялгаж харуулдаг болгон сургаж байгаа аж. Гэхдээ энэхүү механизмыг яг яаж хэрэгжүүлж байгаа тухай нарийн мэдээллийг одоогоор нууцалж байна.

Чатботуудын хэрэглэгчид үзүүлэх нөлөөлөл олны анхаарлыг татаж буй энэ үед уг шинэчлэлүүд хийгдэж байна. Gemini, ChatGPT зэрэг хэрэгслүүд эрчимтэй тархсанаар зарим хүмүүс хиймэл оюунтай хэт дотно харилцаа тогтоож, улмаар төөрөгдөлд орох эсвэл аюултай үйлдэл хийх тохиолдол гарсаар байгаа юм.

Хэд хэдэн гэр бүл хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг хэдийнэ шүүхэд өгөөд байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Флорида мужийн 36 настай эрэгтэй Gemini-г дөрвөн хоногийн турш тасралтгүй ашигласны эцэст хүчирхийлэлд автаж, амиа хорлоход хүрсэн хэмээн түүний гэр бүл Google-ийг буруутгажээ. Тухайн үед Google чатбот хэрэглэгчид тусламжийн утсанд хандахыг удаа дараа зөвлөсөн гэж мэдэгдсэн ч аюулгүй байдлын механизмаа улам чангатгахаа амласан юм.

Мөн Google ойрын гурван жилийн хугацаанд дэлхийн хэмжээний хямралын үеийн тусламжийн үйлчилгээнүүдэд 30 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй