Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүйн цахим сүлжээнд нийтэлсэн тансаг хэрэглээтэй холбоотой зураг, бичлэг олон нийтийн дунд маргаан үүсгээд байна. Энэ талаар иргэд Авлигатай Тэмцэх Газарт (АТГ) хандаж, хуулийн хүрээнд шалгуулах албан ёсны хүсэлт гаргасан нь анхаарал татаж байна.
Цахим орчинд тараад буй зургууд дээр 20 гаруй настай О.Тэмүүлэн нь найз бүсгүйдээ өндөр үнэтэй брэндийн цүнх, хувцас, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн бэлэглэсэн байж болзошгүй харагдаж байгаа юм. Гэвч түүнд ямар эх үүсвэрээс ийм зардлыг гаргах боломж байгааг олон нийт тодорхой болгохыг шаардаж байна. Түүний эцэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХАСХОМ мэдүүлэгтээ нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн байдаг.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэн Ц.Лут-Очир, Ш.Оюунбат нар өнөөдөр АТГ-т хандаж, хүүгийн хэрэглээ болон холбогдох хүмүүсийн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг нягтлан шалгуулах гомдол гаргасан байна.
Ц.Лут-Очир энэ талаар:
“Ерөнхий сайд болон түүний ойр хүрээллийн хүмүүсийн хүүхдүүдийн хэрэглээ бодит орлоготой нь нийцэхгүй байна. Үүнийг авлигын мөнгөөр санхүүжүүлсэн байж болзошгүй тухай мэдээлэл олон нийтэд тархаад байна. Тиймээс энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраар дамжуулан хуулийн хүрээнд шалгуулах шаардлагатай гэж үзсэн” хэмээн мэдэгдлээ.
Харин Авлигатай тэмцэх газар энэ талаар тодруулахдаа:
“АТГ-д өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд тухайн асуудлыг Нийслэлийн прокурорын хяналтад шалгах ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар манай 110 төвд нэр бүхий иргэдээс гомдол ирж байна. Гомдлыг бүртгэж авсан эсэх болон цаашид хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны мэдээллийг удахгүй өгнө” гэж мэдээлсэн байна.