2025 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага газар дээр нь очиж, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтын үр дүнд 40 настай эрэгтэй “М” нь тухайн барилгын 11 давхраас унаж, харамсалтайгаар амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Түүнийг тухайн өдөр барилгын компанид туслах ажилтнаар анх удаа ажилд орсон байсан тухай мэдээлэл байна. Тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байхдаа ийнхүү осолдсон нь тогтоогджээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
Хаврын улирал ирж, барилгын болон тохижилтын ажлууд идэвхтэй өрнөж байгаа энэ үед барилгын компаниуд болон ажил олгогчид ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хууль дүрэм, стандартын дагуу ажиллах нь нэн чухал байгааг дахин сануулж байна. Мөн барилгын салбарт ажиллаж буй иргэд өөрсдөө ч аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.