Хонь ноослох ур чадварыг үнэлэх, мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа “Алтан хайч-2025” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү олон улсын тэмцээнийг дэлхийн улс орнууд 1961 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улсад анх удаа болох гэж байна. “Алтан хайч” тэмцээн нь түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах, хонь ноослох техник, аргачлалыг шинэ шатанд хүргэхэд чиглэж байгаа аж.
Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны зургаадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар тус тэмцээний бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулсан бөгөөд холбогдох зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, тоног төхөөрөмжийн хангалтыг хийх ажил эхэлжээ.