Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хуульчлах анхны алхам: Байнгын хороо дэмжлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хуульчлах анхны алхам: Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Батчимэг тэргүүтэй есөн гишүүний өргөн барьсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүдийг хэлэлцэх эсэхийг авч хэлэлцэв.

Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэрэг бичил тээврийн хэрэгслийг, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуус өргөнөөр ашиглах болсноор зам тээврийн осол, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол нэмэгдсэн талаар гишүүн П.Батчимэг онцлов. Статистикаас харахад, сүүлийн гурван жилд ийм төрлийн 985 осол бүртгэгдэж, тэдгээрийн 39 хувийг 10–19 насны залуус эзэлжээ.

2024 оны байдлаар гурван аж ахуйн нэгж цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2022 онд 1050 байсан импортын тоо 2023 онд 8157, 2024 онд 16783 болж эрчимтэй өссөн байна.

Хуулийн төслийн үндсэн заалтууд:

  1. Шинэ ангилал нэмэх
    • “Цахилгаан скүүтер”
    • “Цахилгаан дугуй”
    • “Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл”
  2. Жолоодох насны хязгаар
    • Цахилгаан дугуй: 16 наснаас дээш
    • Цахилгаан дугуй: Дөрөө болон цахилгаан хөдөлгүүрийн хослол, дээд хурд 25 км/ц
  3. Замын хэрэглээний зохицуулалт
    • Унадаг дугуйн зам, эгнээ байхгүй тохиолдолд:
      • Авто замын баруун хөвөө,
      • Нийтийн тээврийн эгнээ,
      • Явган хүний замаар цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй зорчих
    • Явган зорчигчдод аюул учруулахгүй байх заалт
  4. Тээврийн хэрэгслийн техникийн шаардлага
    • Хөдөлгүүрийн хүчин чадал, дээд хурд, жин, тоноглол зэргийг стандартчилах
  5. Жолоочийн эрх, үүрэг, хориглох зүйлсийг тодорхойлох

Байнгын хорооны гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 87.5 хувийн саналаар дэмжсэн бөгөөд хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг ч мөн олонхийн саналтайгаар дэмжив. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо санал, дүгнэлтээ нэгдсэн чуулганд танилцуулахаар болов.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment