Франц улс Сенегал дахь сүүлчийн хоёр цэргийн байгууламжаа тус улсын эрх баригчдад буцаан шилжүүлснээр 1960 оноос хойш үргэлжилсэн тус улсад дахь байнгын цэргийн оролцоогоо бүрэн дуусгав гэж “Deutsche Welle” мэдээллээ.
Францын сүүлчийн 350 цэргийг Сенегалын нийслэл Дакар хотод зохион байгуулсан ёслолын ажиллагааны дараа албан ёсоор гаргаж, тус улсын газар нутгаас бүхэлдээ гарсан байна. Энэ нь Баруун болон Төв Африк дахь Францын колонийн өнгөрсөн үеийн үлдэгдлийг арилгах чиглэлд хийж буй дараагийн алхам хэмээн дүгнэгдэж байна.
Францын эрх баригчид 2022 оноос эхлэн Африк дахь цэргийн баазуудаа үе шаттайгаар буулгаж эхэлсэн. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард Чадаас, хоёрдугаар сард Кот-д’Ивуараас цэргүүдээ татсан байна. Мөн Мали, Буркина-Фасо, Нигер зэрэг орнуудад гарсан төрийн эргэлтүүдийн дараагаар шинэ засгийн газрууд Францтай цэргийн хамтын ажиллагаагаа тасалсан нь энэ шийдвэрт шууд нөлөөлсөн.
Өнөөдрийн байдлаар Төв Африкт Францын цэргүүд Габон улсад ганцхан цэргийн баазтай үлдээд байгаа бөгөөд уг баазыг Габоны зэвсэгт хүчинтэй хамтран ашиглаж байна. Түүнчлэн Францын зэвсэгт хүчнийхэн Африкийн Эритрейтэй залгаа Жибути улсад байрших цэргийн баазад үүрэг гүйцэтгэсээр байгаа юм.
Ийнхүү Францын Африк дахь түүхэн колонийн сүүдэр туйлын тодорхой байдлаар татран буурч, шинэ үеийн геополитикийн хандлага илүү тод харагдаж байна.