Нийслэлийн захиргаа нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн Үйлчилгээний Цэгүүдийг (ТҮЦ) нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд нийт 112 ТҮЦ-ийг буулгаж байгаа аж.
Гэсэн хэдий ч зарим ТҮЦ эрхлэгчид энэ ажиллагаанд сөргөөр хандаж, өмч хөрөнгийг нь эвдэн сүйтгэж байна гэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа:
«Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж дээр нь ТҮЦ байрлуулсан байна. Хотын төвд бетон цутгаад дээр нь ТҮЦ байрлуулчхаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй. ТҮЦ-ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ» гэж мэдэгджээ.
Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажлын хүрээнд хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой хэд хэдэн удаа уулзалт хийж, нийт 1,669 ажлын байр болон 48 худалдааны төвд лангуу түрээслэх хувилбарыг санал болгосон байна.
Одоогоор 22 ТҮЦ эрхлэгч энэхүү саналыг хүлээн авч, зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг мэдээлэв.