2025 оны наймдугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн болох гэж байна. Тав хоногийн турш үргэлжлэх энэхүү уулзалтаар хилийн боомтын төмөр замаар дамжин өнгөрөх ачаа болон зорчигч тээврийн асуудлыг хэлэлцэх юм.
“УБТЗ”-аар дамжин Ази, Европыг холбосон хамгийн ойрын коридороор тээвэрлэх ачааны хэмжээ жилээс жилд эрс өсөж байна. Тухайлбал, “УБТЗ” ХНН 2024 онд нийт 33.4 сая тонн ачаа тээвэрлэснээс:
- 5.3 сая тонн нь транзит
- 11.6 сая тонн нь экспорт
- 3.8 сая тонн нь импортын ачаа эзэлжээ.
Ингэснээр нийт тээвэрлэсэн ачааны 62 хувийг гадаад худалдааны ачаа бүрдүүлсэн байна.
Тээврийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хоногт хилээр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, төв коридорын өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага тулгараад байна. Энэ нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн өргөжилтөд чухал нөлөөтэй.
Одоогоор Монгол Улс экспортынхоо 90 гаруй хувь, импортынхоо 50 орчим хувийг БНХАУ-тай хийдэг бөгөөд өдөр бүр 15 ба түүнээс дээш галт тэрэг солилцож байна. Сонирхуулахад, 50 вагонтой нэг цувааг нэг галт тэрэг гэж тооцдог. Тиймээс өдөрт солилцох галт тэрэгний тоог нэгээр нэмэгдүүлэхэд жилдээ 1.5 сая тонноор ачаа тээврийн хэмжээ өсөж, дунджаар 14 сая ам.долларын буюу 53 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.
Ачаа тээврийн урсгал нэмэгдэх нь зөвхөн УБТЗ-ын үйл ажиллагаанд төдийгүй Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой. Ялангуяа улсын төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөхөд энэ нь чухал түлхэц болох юм.