Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид Хурд” хорооллын зүүн хэсгээс “Хүннү 2222” хороолол, “Ривер Гарден” хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам шинээр барихаар болжээ.
Авто замын ач холбогдол
Шинэ зам ашиглалтад орсноор:
- Махатма Гандигийн гудамжнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх хөдөлгөөн саадгүй болох
- Төв замын ачааллыг бууруулах, түгжрэлийг тодорхой хэмжээнд хуваалцах боломж бүрдэх юм.
Энэ хүрээнд авто замын трасст өртөж буй хотхон, хорооллын СӨХ болон аж ахуйн нэгжүүдтэй харилцан зөвшилцөл хийж, зохицуулалтад хүрээд байна.
Нийслэлийн байр суурь
НЗХГ-ын дарга Б.Одбаяр:
“Тухайн орчимд оргил ачааллын үеэр маш их түгжрэл үүсдэг. Иймд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эрх ашгийг хангах зорилгоор «Рапид хурд» хороолол — «Орчид парк» — «Хүннү 2222» хороолол — «Ривер гарден» хотхон хүртэл хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Өнөөдрийн байдлаар тус холбоос замд өртөж буй хотхон, хорооллын сууц өмчлөгчдийн холбоодтой зөвшилцсөн. Мөн авто зам барихтай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ерөнхий боловсролын 130 дугаар сургууль орчимд стандартын дагуу хурд сааруулагчийг байршуулна.”