Ардчилсан нам шинэ даргаа сонгосноос хойш 33 хоног өнгөрөөд байгаа ч намын бүлгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг хараахан томилоогүй байна.
Дүрмийн бүртгэл хүлээгдэж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд энэ талаар мэдээлэхдээ:
“Дөрөв хоногийн өмнө Улсын дээд шүүхэд намын шинэчилсэн дүрмээ мэдүүлсэн. Улсын дээд шүүх 30 хоногийн дотор хэлэлцээд шийдвэр гаргана. Улмаар шинэ дүрэм бүртгэгдэхтэй зэрэгцэн намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох ажил явагдана. 10 дугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын эхний долоо хоногт шийдэгдэнэ гэсэн үг” гэв.
Дотоод сонгуулийн тов
Түүний мэдээлснээр:
- 11 дүгээр сарын дундаас 12 дугаар сарын эхэнд АН-ын дотоод сонгууль явагдана.
- Энэ үеэр Үндэсний бодлогын хороо шинээр бүрдэж, аймаг, нийслэлийн намын дарга нар сонгогдох юм.
- Харин бүлгийн даргын сонгууль 42 гишүүний дунд явагдах ч яг ямар хурлаар шийдэх нь хараахан тодорхой болоогүй байна.