Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барилаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар

2025 оны аравдугаар сарын 7-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад албан ёсоор өргөн барилаа.

Огцруулах санал гаргасан үндэслэлүүд

П.Сайнзориг гишүүн УИХ-д өргөн барьсан огцруулах саналдаа Ерөнхий сайдын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, дараах гурван үндэслэлийг дурджээ.

  1. ХЗДХ-ийн сайдын томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь
    2025 оны есдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд өөрийн “онцгой бүрэн эрх”-ийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Гэвч Үндсэн хуулийн 39.4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхийн өмнө УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах ёстой гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн гэж гишүүд үзэж байна.
  2. Шүүх эрх мэдэлд халдсан гэж үзсэн нь
    Ерөнхий сайд олон нийтэд мэдэгдэл хийхдээ Үндсэн хуулийн 16 болон 49 дэх зүйлүүдийг зөрчиж, шүүхийн бүрэн эрхэд халдсан үйлдэл хийсэн гэж үзэж байна. Тодруулбал, “шүүхээр нотлогдоогүй этгээдийг гэм буруутайд тооцохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэжээ.
  3. АМНАТ-ийн тооцооллыг өөрчилсөн Засгийн газрын тогтоолтой холбоотой асуудал
    2025 оны наймдугаар сарын 20-нд батлагдсан 55 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцсон аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг бий болгосон, далд эдийн засгийг дэмжсэн гэж үзэж байна.

Хууль тогтоох байгууллагын байр суурь

Гишүүдийн зүгээс “Үндсэн хуульд нийцсэн төрийн бодлого, хууль тогтоомж хэрэгжүүлэх нь парламентын үүрэг” хэмээн онцолж, Үндсэн хуулийн 70.1 дэх хэсгийн дагуу Үндсэн хуульт ёсыг хамгаалахын тулд уг саналыг өргөн барьж байгаагаа мэдэгджээ.

Ингэснээр УИХ-д Ерөнхий сайдыг огцруулах санал албан ёсоор ирсэн бөгөөд хуульд зааснаар санал ирснээс хойш гурван хоногийн дотор хэлэлцэх ёстой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй