Г.Дамдиннямын хөрөнгө 5 жилийн дотор 2 тэрбумаар өсжээ: “MCS”-ийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй хамаарлын сэжим

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Дамдинням

Засгийн газрын 55-р тогтоол — нүүрсний АМНАТ тооцох шинэ журам — улстөрийн дуулианы гол сэдэв болоод байна. Энэхүү тогтоол нь “MCS” болон “Онтре” компанид татварын давуу байдал олгосон гэх шалтгаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналын үндэслэлд ч оржээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хэлснээр, энэ тогтоол нь “төсөвт орох байсан 200 тэрбум төгрөгийн орлогыг хааж, нүүрс экспортлогчдод илт давуу байдал үүсгэсэн” гэж үзэж байна. Тодруулбал, экспортын дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд тухайн компани АМНАТ-ыг нийт экспортын дундаж биш, биржийн доод үнээр тооцох боломжтой болсон аж. Ингэснээр бирж ба Ганцмодны үнийн 30–40 ам.долларын зөрүү, өөрөөр хэлбэл тонн тутамд 140 мянган төгрөгийн ашиг гардаг гэж тэр онцолсон.

“MCS” болон Г.Дамдиннямын холбоо

Нүүрс экспортолдог томоохон хувийн компани бол “MCS” группийн охин “Энержи Ресурс” юм. Харин энэхүү компанийн “Ухаа худаг” уурхайн олборлолтын гүйцэтгэгч “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирлаар одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажиллаж байсан.

Энэ нь “MCS”-тэй түүнийг шууд болон шууд бус байдлаар холбож, 55-р тогтоолын ашиг сонирхлын сэжгийг улам гүнзгийрүүлж байгаа юм. Г.Дамдинням сайд болсныхоо дараа “Ухаа худаг”-ийг хамгаалдаг, “MCS”-ийн нөлөөнд орсон гэх шүүмжлэл ч өмнө нь гарч байжээ.

Хоёр гишүүн — нэг сүлжээ

Г.Дамдинням 2018 оны наймдугаар сарын 2-нд “Вертекс Майнинг Партнер”-ийн хувьцаанаас гарсан. Гэвч тус компанийн хувьцааг одоо “Глобал Майнинг Сервис” эзэмшиж, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэн эцсийн өмчлөгчөөр, эгч Х.Хашчимэг гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байна.

Мөн Г.Дамдинням 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Топ Майнинг Солюшнс” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж дурдсан. Гэвч уг компанийн эцсийн өмчлөгч мөн л П.Бямбасүрэн бөгөөд гүйцэтгэх захирал нь Х.Ганхуягийн ах Х.Гантулга юм.

Эдгээр огноо, холболтуудыг харвал, Г.Дамдинням улс төрд орж эхлэхийн өмнө — 2018 онд — хамаарал бүхий компаниудаас нэрээ хасуулсан бололтой. Гэсэн ч “Вертекс Майнинг Партнер” нь өмнө нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл хууль зөрчиж авсан хэмээн шалгагдаж байсан ч шүүхээс тэднийг хэрэгсэхгүй болгож байв.

Хөрөнгө нь 5 жилд хоёр дахин өсжээ

Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж буй бөгөөд Г.Дамдинням одоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байна. Түүний 2019 болон 2024 онд Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулахад дараах өөрчлөлт ажиглагджээ:

  • Нийт орлого 870 саяар нэмэгдэж 1.1 тэрбум төгрөгт хүрсэн
  • 975 сая төгрөгийн үнэлгээтэй хаустай болсон
  • 2019 онд автомашингүй байсан бол 2024 онд 300 сая төгрөгийн үнэлгээтэй Land Cruiser 300 эзэмшдэг болсон
  • Үнэт эдлэл 595 сая төгрөгөөр нэмэгдсэн
  • Гадаад хадгаламж 35 сая төгрөгөөр өсөж 65 сая болсон
  • Авлага 100 саяар өсөж 2.9 тэрбум төгрөгт хүрсэн

Нийт хөрөнгийн өсөлт 2 тэрбум гаруй төгрөгт хүрсэн нь улс төрд орсноосоо хойш түүний эдийн засгийн байдал эрс сайжирсныг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй