Table of Contents
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал тун сонирхолтой эхэлж, багууд зуны бэлтгэлээ шалгуулж байна. Зарим нь бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, шинэ өнгө төрх бүрдүүлсэн бол нөгөөд нь туршлага нэмэгдэж, өрсөлдөөн улам ширүүсчээ. Энэ улиралд нэгэн онцлох түүхэн үйл явдал болсон нь — дээд лигийн талбайд тоглосон аав, хүү нарын эгнээ дахин өргөжсөн явдал юм.
Дархан Юнайтед багийн шинэ тоглогч И.Эрхэмбилэг талбайд гарснаар түүний аав, Монголын сагсан бөмбөгийн домог Г.Ихбаяр-ын замналыг үргэлжлүүлж, аав, хүү хоёулаа дээд лигийн тоглогч боллоо.
Г.Ихбаяр – хүү И.Эрхэмбилэг
Дарханы сагсан бөмбөгийн нүүр царай болсон Г.Ихбаяр нэгэн үе Гарьд багтайгаа дээд лигт ноёлж, шигшээ багийн холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж байв. Тэрбээр Австралид суурьшсан бөгөөд хүү И.Эрхэмбилэг нь тус улсад сагсан бөмбөгийн боловсрол эзэмшиж, эх орондоо эргэн ирж Дархан Юнайтед багт нэгдсэн юм.
О.Баярцогт – хүү Б.Даваасайхан
Монголын сагсан бөмбөгийн гавьяат тамирчин О.Баярцогт тамирчин болон дасгалжуулагчийн хувиар дээд лигийн аварга болсон хосгүй амжилтын эзэн. Түүний хүү Б.Даваасайхан Японд суралцаж, Налайх Бизон багийн бүрэлдэхүүнд дээд лигт тоглож байна.
Ц.Шаравжамц – хүү Ш.Энхийн-Од
Монголын сагсан бөмбөгийн домог Ц.Шаравжамц дөрвөн удаа дээд лигийн аварга болж, эх орныхоо нэрийг олон улсад дуурсгасан. Харин түүний хүү Ш.Энхийн-Од АНУ-д тоглож буй бөгөөд 17 насандаа дээд лигт дебютээ хийж байв.
Ш.Сэдбазар – хүү С.Төгөлдөр
1998 онд дээд лигийн аварга болсон Ш.Сэдбазар 41 насандаа хүүтэйгээ хамт дээд лигийн талбайд гарч, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ховор жишээ үлдээсэн. Хүү С.Төгөлдөр нь 3х3 төрлийн шигшээ багийн гишүүн болж, дэлхийн аваргад оролцсон.
Ж.Отгондарь – хүү О.Тулга
Гурван удаагийн аварга Ж.Отгондарь “Лидер”, “Монсоник” багийн гол тоглогчдын нэг байсан бол хүү О.Тулга “Сэлэнгэ Бодонс” багийн түлхүүр тоглогч болж, өсөлт хөгжил нь анзаарагдаж байна.
П.Батзаяа – хүү Б.Эрхэс
Алтайн Бүргэдүүдийн домог П.Батзаяа хамгаалалт, тохолтоороо үеийнхээ шилдэгт тооцогддог. Түүний хүү Б.Эрхэс “Хасын Хүлэгүүд” багтай аварга болж, хожим “23 Стормс” багийн бүрэлдэхүүнд тоглож байв.
Монголын сагсан бөмбөгийн дээд лигт аав, хүү нар мөр зэрэгцэн зүтгэж байгаа нь спортын залгамж халаа амьд байгаагийн илэрхийлэл болж байна.