Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгт төрийн айлчлал хийхээр мордлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны аравдугаар сарын 13–16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Түүхэн ойтой давхцаж буй айлчлал

Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаа түүхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн хоёр улсын хэвлэл мэдээллийн төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

Хэлэлцээний үр дүнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргах бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг өргөжүүлэх зорилгоор 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Албан уулзалтууд ба хүндэтгэлийн арга хэмжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн:

  • Дэд Ерөнхийлөгч, Парламентын дээд танхимын дарга Ч.П. Радхакришнан,
  • Доод танхим “Лок Сабха”-гийн дарга Ом Бирла,
  • Гадаад хэргийн сайд Др. Субрахманям Жайшанкар,
  • Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн тэрбээр Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөж, Ерөнхий сайд Нарендра Моди-той хамт дурсгалын мод тарина. Үүнээс гадна дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцох юм.

Соёл, бизнесийн арга хэмжээнүүд

Айлчлалын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна:

  • Монгол, Энэтхэгийн бизнес форум,
  • “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт,
  • Гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн.

Эдгээр арга хэмжээ нь хоёр улсын соёл, урлаг, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

Монгол–Энэтхэгийн харилцааны түүхэн замнал

Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа 1955 оны 12 дугаар сарын 24-нд тогтсон бөгөөд хоёр улс 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон байдаг. Монгол Улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс бол Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны улс гэдгээрээ онцлог. Хоёр улс өнгөрсөн хугацаанд 60 гаруй хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан бөгөөд үүнд:

  • “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээр” (1994, Дели)
  • “Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” (1994, Улаанбаатар)
  • “Дипломат паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” (2005, Дели)
  • “Монгол–Энэтхэгийн стратегийн түншлэлийн хамтарсан мэдэгдэл” (2015, Улаанбаатар)
  • “Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах хэлэлцээр” (2015, Улаанбаатар)
  • “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” (2015, Улаанбаатар) зэрэг орно.

Эдгээр баримт бичгүүд нь хоёр улсын харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарт гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж иржээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй