Table of Contents
Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, ирэх лхагва гарагаас буюу 2025 оны 10-р сарын 15-наас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нар ажил хаялт зарлах нь хууль бус. Хүүхдүүдийн аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Цалинг шат дараатай нэмэх шийдвэр гарсан
Сайд П.Наранбаярын хэлснээр багш нарын цалинг шат дараатайгаар нэмэх арга хэмжээ авч байгаа аж. Тэрбээр “Багш нарын цалинг эхний ээлжид 25 хувиар нэмж, 1 сая 850 мянган төгрөгт хүргэх, ирэх оны долдугаар сараас 2.5 сая, дараа нь 3.5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөсөн. Гэвч маргааш нь ажил хаяхаа мэдэгдсэн нь харамсалтай. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг үл тоон улс төрийн өнгө аяс орж байна. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн холбоо шаардлагаа дахин нягталж үзэхийг хүсэж байна” гэжээ.
Хууль зөрчих эрсдэлтэй ажил хаялт
Тэрээр мөн “Ажил хаялт зарлах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Эхлээд хамтын хэлэлцээр хийх ёстой. Хэрэв шийдэлд хүрэхгүй бол зуучлагч оролцуулна. Зуучлагч шийдвэр гаргаж чадахгүй бол Хөдөлмөрийн арбитрт хандана” хэмээн онцолсон байна.
Сайд багш нарын цалин нэмэх шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж буй ч ажил хаялт нь хамгийн сүүлчийн арга хэмжээ байх ёстойг анхааруулжээ.
Санхүүгийн тооцоо, боломж
П.Наранбаярын мэдээлснээр боловсролын салбарын өнөөгийн төсөвт 100 тэрбум төгрөг багтсан бөгөөд уг тоог 560 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлснээр цалингийн 25 хувийн өсөлт бодитоор хэрэгжинэ. Одоогоор боловсролын салбарт 94 мянган хүн ажиллаж байгаа ба цалингийн нийт зардал 2.8 их наяд төгрөгт хүрчээ. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд 3.3 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байна.