Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулсан хэргийг шалгаж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Medee.news

Цагдаагийн байгууллагаас 14–15 настай, насанд хүрээгүй охидыг массажны газар нэрийн дор ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийн талаар шалгалт явуулж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс 2025 оны аравдугаар сарын 24–26-ны өдрүүдэд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй саун, массажны газруудад хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын дүнд 14 болон 19 дүгээр хороонд байрлах “А” болон “И” нэртэй саун массажны газрууд нь 14–15 настай охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, орон байр болон бусад нөхцөлөөр хангасан байж болзошгүй үйлдэл илэрчээ.

Эдгээр үйлдэл нь бусдыг биеэ үнэлэхэд зуучлах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, хэргийг бүртгэлд авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг хүүхэд хамгааллын чиглэлээр сэрэмжтэй байхыг анхааруулж, хууль бус үйл ажиллагааг мэдээлэхийг уриалжээ.


Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй