АНУ ба Хятадын удирдагчдын уулзалт: Трамп Ши Жиньпинг магтан сайшаав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп Си Цзиньпин

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост болсон уулзалтын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпинг “найз” хэмээн нэрлэж, түүнийг “агуу удирдагч” хэмээн өндрөөр үнэлжээ. Энэ талаар CNN мэдээлсэн байна.

Трамп хэлэхдээ: “Би олон жилийн турш найзалсан найзтайгаа хамт байгаадаа ихээхэн баяртай байна. Энэ надад нэр төрийн хэрэг юм” гэжээ. Тэрээр мөн Ши Жиньпинг “агуу удирдагч, хүндэтгэл хүлээсэн хүн” хэмээн тодорхойлсон байна.

АНУ болон Хятадын өндөр түвшний төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны асуудлаар хэлэлцсэн бөгөөд Трамп “олон зүйл дээр тохиролцоонд хүрсэн, одоо үлдсэн зүйлсийг тохиролцох гэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

CNN-ийн мэдээлснээр, хоёр удирдагч болон тэдний төлөөлөгчид цагаан, цэнхэр өнгийн цэцгийн чимэглэлтэй, хоёр улсын далбаагаар гоёсон жижиг танхимд уулзсан байна.

Трампыг дагалдан оролцсон АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Скотт Бессент, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Худалдааны сайд Ховард Лутник, Цагаан ордны захирал Сьюзи Уайлс, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар багтжээ.

Ши Жиньпин Трампын магтаалд хариу болгон АНУ-ын ерөнхийлөгчийг Израиль ба ХАМАС, мөн Тайланд ба Камбожийн хооронд энх тайвны зуучлал хийсэнд талархал илэрхийлсэн байна.

Хэдийгээр зарим асуудлаар байр суурь зөрүүтэй ч Ши “хоёр тал зөв чиглэл баримталж, Хятад–Америкийн харилцаа гэсэн аварга хөлгийг тогтвортой урагшлуулах ёстой” гэж онцолжээ.

Трамп уулзалтын дараа БНСУ-аас буцаж, АНУ руу ниссэн бөгөөд хэлэлцээ 1 цаг 40 минут орчим үргэлжилсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй