63 Мянга Гаруй 16 Настны Төлөөлөл Төв Ордонд Иргэний Андгай Өргөлөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Иргэний андгай

Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ны түүхэн өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” Ерөнхий сайдын ивээл дор амжилттай болж өнгөрлөө. Энэ онд нийт 63,137 хүүхэд 16 нас хүрч байгаагаас тэдний төлөөлөл болсон 850 хүүхэд Төрийн ордонд хүрэлцэн ирж, анхны томоохон үүрэг хариуцлагаа хүлээж байгаагаа андгайлсан юм.

Ерөнхий сайдын Хэлсэн Үг:

Иргэний андгай

Ёслолд оролцсон Ерөнхий сайд Г.Занданшатар 16 настнуудад баяр хүргэж үг хэлэхдээ, тус өдрийн түүхэн ач холбогдлыг тодотгов.

“1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар нэмж хэлэхдээ, Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай асуудал бус гэдгийг дурдсан. Тэрээр үүнийг “Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт” хэмээн тодорхойлж, 16 настнуудыг эх орныхоо ирээдүйг хариуцах ухамсартай, Монголын шинэ итгэл болохыг уриалсан юм.

Андгай ба Үнэмлэх Гардуулах Ёслол:

Ёслолд оролцсон сурагчид “Үнэн шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй” иргэн байхаа амлаж андгай өргөсөн. Нийт сурагчдыг төлөөлүүлэн 15 сурагч иргэний үнэмлэхээ Ерөнхий сайд Г.Занданшатар, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нараас хүндэтгэлтэйгээр гардан авсан байна.

Энэхүү 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ёслолын гол зорилго нь 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг суулгахад чиглэгддэг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй