Монголын спортын салбарын шилдгүүдийг алдаршуулдаг «Бөртэ Чоно-2025» наадам энэ сарын 10-ны өдөр 18:00 цагаас Улаанбаатар хотын «Чингис зочид буудал»-д болох гэж байна. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолд өндөр амжилт гаргасан баг, тамирчид нэр дэвшиж байгаагийн мэдээллийг доорх байдлаар хүргэж байна.
Шилдэг Тамирчинд Нэр Дэвшигчид
2025 онд дэлхийн болон тивийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан дараах тамирчид «Бөртэ Чоно-2025» наадмын шилдэг тамирчны шагналд нэр дэвшжээ:
- Т.Тулга (Чөлөөт бөх): Хорватын Загреб хотод болсон 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа.
- Л.Алтанцэцэг (Бокс): Боксын 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийн хүрэл медальт болсон.
- Б.Ачбадрах (Цанын гүйлтийн): «Милан Кортина-2026» өвлийн олимпын наадамд өрсөлдөх эрхийг авч, дугуйт цанын Азийн цомын хүрэл медаль хүртсэн.
- Б.Ганхайч (Жүдо): Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийн хүрэл медальт.

- Д.Энхтүвшин (Гимнастик): Монголын гимнастикийн 104 жилийн түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний харайлтын төрөлд IV байрт шалгарсан.
- Б.Ганзориг (Уламжлалт харваа): Уламжлалт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн.
- Т.Хангал (Волейбол): Тайландын дээд лигийн аварга, шилдэг довтлогч болж, Азийн «Аваргуудын лиг» тэмцээний шилдэг 8-д шалгарсан.
- Г.Монголжин (Бразил Жүжицү): «NoGi» төрлийн ДАШТ-ий мөнгө, Бүсний ангилалтай ДАШТ-ийн хар/бор бүсний ангиллын хүрэл, Зүүн Азийн АШТ-ийн алтан медаль хүртсэн амжилтаар.
Шилдэг Багт Нэр Дэвшигч
2025 онд олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцсон багуудаас:
3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн амжилтаараа «Бөртэ Чоно-2025» наадмын шилдэг багт нэр дэвшлээ.