Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт (2025.12.08) Лондонд айлчилж, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Украины тавьж буй энхийн төлөвлөгөөг шинэчилж, нийт 20 зүйл бүхий өөрчилсөн хувилбар гаргасан байна. Зеленскийн хэлснээр энэ шинэчилсэн төлөвлөгөөг өнөөдөр (2025.12.09) АНУ-д танилцуулах ажээ.
Дайн удахгүй дөрөв дэх жилдээ орж байгаа энэ үед Вашингтон энхийн хэлэлцээрийг түргэтгэх зорилгоор Киевт үзүүлэх шахалт, дарамтаа нэмэгдүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Лондонд болсон хэлэлцээгээр Европын удирдагчид Москвад таатай байж болзошгүй зарим нөхцөлийг тэнцвэржүүлэх, нөхцөлгүй буулт шаардахгүй байх замаар зохицол олохыг оролдсон гэж үзэж байна.
Шинэчилсэн төлөвлөгөөний гол маргаантай хэсэг нь газар нутгийн асуудал хэвээр байна. Оросын тал Украины зүүн бүс нутаг болох Донбасс дээр бүрэн хяналт тогтоох сонирхолтой. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдэхдээ: Донбассыг украинчууд сайн дураараа орхихгүй бол Орос “цэргийн хүчээр хяналтаа авна” гэж удаа дараа мэдэгдсэн.
Зеленский дахин нэг удаа Украин газар нутгаасаа татгалзах боломжгүй гэсэн байр сууриа бататган илэрхийлжээ. Тэр хэлэхдээ:
“Америкчууд одоо хэлэлцээг тодорхой буулт, тохиролцоонд хүргэхийг эрмэлзэж байна. Мэдээж газар нутгийн асуудал маш эмзэг, төвөгтэй. Энэ чиглэлээр бид хараахан ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй байна” хэмээн онцолсон байна.
АНУ-д танилцуулах шинэчилсэн энхийн төлөвлөгөө нь цаашдын хэлэлцээ, Москва–Киевийн хоорондын байр суурийн зөрүүг хэрхэн ойртуулах вэ гэдгийг тодорхойлох чухал баримт бичиг болохоор байна.