Ерөнхий сайдын “допингтой бөх” гэх үг үндэсний бөхийн хүрээнд маргаан дэгдээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхий сайдын “допингтой бөх” гэх үг үндэсний бөхийн хүрээнд маргаан дэгдээлээ

Нутгийн зөвлөлийн арга хэмжээн дээр хэлсэн ишлэл олны анхаарал татав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлийн шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ өнгөрсөн жилийн наадмын талаар ярьсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Тэрбээр нутгийн бөхөө онцлон магтахдаа бусдыг “допингтой” гэх агуулгатайгаар хэлсэн үг нь маргааны шалтгаан болов.

Тэрбээр энэ үеэр “Монголын заяа их. Халхын заяа их. Манай Э.Батмагнай арсланг давахад монгол даяараа өндийсөн. Нутгийн уул, ус өндийсөн. Энэ бол үнэхээр сэтгэл огшим үе байсан. Тэр бөх нь допингтой бөх байсан байна лээ. Допингтой бөхийг допингтой нь хамт ялсан. Монголын улс төрд ч бас допингтой нь хамт ялна” гэв.

Наадмын барилдаан, допингийн маргаан ба хариу мэдэгдэл

Улсын арслан Э.Батмагнай өнгөрсөн наадмын үзүүр, түрүүнд аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг давсан байдаг. Дараа нь Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат залуу хүчтнээс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн талаар мэдээлэгдсэн юм.

Н.Өсөхбаяр уг асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргасан байна. Харин Ерөнхий сайдын дээрх үгтэй холбоотойгоор тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын эрхэм Ерөнхий сайд Монголын үндэсний өв соёл эв нэгдлийн бэлгэдэл болох үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах нүдтэй. Үнэн хэзээд ялна” гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй