“FIBA Asia Cup 2029” буюу Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тойрог наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 1-ний хооронд болно. Улаанбаатар хот уг шатны хэсгийн тоглолтыг зохион байгуулах дөрвөн хотын нэгээр сонгогдсон бөгөөд Монголын шигшээ баг D хэсэгт багтжээ.
D хэсэгт Монгол, Тайланд, Вьетнам, Фижи улсын шигшээ багууд өрсөлдөнө. Багууд тойргийн журмаар хоорондоо тоглох тул Монголын шигшээ эхний гурван тоглолтоо нутагтаа хийх давуу талтай болж байна.
Урьдчилсан шатны эхний тойрогт нийт 18 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Хэсгүүдийн тоглолт Дубай, Атырау, Серембан, Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Хэсгийн хуваарилалт:
- A хэсэг, Дубай: Бахрейн, АНЭУ, Кувейт, Оман, Непал
- B хэсэг, Атырау: Казахстан, Палестин, Шри Ланка, Мальдив, Кыргызстан
- C хэсэг, Серембан: Индонез, Малайз, Хонгконг, Хятад, Сингапур
- D хэсэг, Улаанбаатар: Монгол, Тайланд, Вьетнам, Фижи
Эхний шатнаас хэсэг тус бүрийн эхний гурван байр эзэлсэн баг дараагийн шатанд шалгарна. Ингэснээр нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдаж, тус бүр зургаан багийн бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөх юм.
Хоёрдугаар шатны тоглолтуудыг 2026 оны арваннэгдүгээр сарын 23-аас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ шатны хоёр хэсгээс тус бүр эхний дөрвөн байрт орсон нийт найман баг “FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны эрхээ авах юм.
Улмаар тэд 2025 оны Азийн цомд оролцсон 16 багтай нэгдэн 2029 оны Азийн цомын эрхийн төлөөх үндсэн сонгон шалгаруулалтад өрсөлдөнө. Иймээс Монголын шигшээ баг Тайланд, Вьетнам, Фижигийн эсрэг талбайдаа тоглох гурван тоглолтдоо өндөр ач холбогдол өгч, хэсгийн эхний гурван байрны нэгийг эзлэх шаардлагатай байна.