Table of Contents
The MongolZ баг “Дэлхий эндээс эхэлнэ” нэртэй шинэ аяныхаа хүрээнд Монгол орныг олон улсад өөр өнцгөөс таниулах видео контент цацаж эхэлжээ. Уг бичлэгийг Монголын телевизийн сувгууд, кино театрууд болон Улаанбаатар хотын төв зам дагуух томоохон дэлгэцүүдээр үзүүлж байна.
Видео Улаанбаатар хот бүхэлдээ харагдах өндөр барилгын дээврээс эхэлнэ. Гэр хорооллын дундах шилэн барилгууд, хотын захтай залгах уудам тал нутаг зэрэг дүрслэлээр орчин үеийн хотын амьдрал болон Монголын уламжлалт төрхийг зэрэгцүүлэн харуулжээ.

Монголын тухай төсөөллийг өргөжүүлэхийг зорьжээ
The MongolZ-ийн тоглогчид жилийн ихэнх хугацаанд олон улсын тэмцээнүүдийн хооронд зорчиж, нисэх онгоцны буудал, зочид буудал, тэмцээний талбай дамжин амьдардаг. Гэсэн ч тэдний хувьд тэмцээн бүр Монгол Улсыг төдийлөн мэдэхгүй хүмүүст эх орноо таниулах боломж болдог гэж үзэж байна.
Багийнхан өөрсдийн үндэс угсаа, эх орноо санах мэдрэмж нь өдөр тутмын энгийн зүйлсээс илэрдэг хэмээн тайлбарлажээ. Тэд “Эх орноо санан дурсана гэдэг заавал чармайн бодох зүйл биш, тэрхүү мэдрэмж тоглолт бүрд бидэнтэй хамт байдаг юм” гэжээ. The MongolZ-ийн амжилт өсөхийн хэрээр Монголыг олон улсад төлөөлөх хариуцлага нэмэгдсэн гэж багийнхан үзэж байна.
Энэ талаар “Бид өөрсдөө улсынхаа дуу хоолой болохыг сонгоогүй ч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул эх орноо нэр төртэй төлөөлөхийг хүсдэг” хэмээн онцолжээ.

“Орчин үеийн Монголын хоёр талыг харуулахыг хүсдэг”
Тэдний үзэж буйгаар Монголыг гадаадад одоо ч нүүдэлчин ахуй, адуу мал, гэр хороолол, хөдөө нутгаар төсөөлөх нь түгээмэл хэвээр байна. Багийнхан энэ дүр төрхийг Монголын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ орчин үеийн хотын амьдрал, цахим спортын дэлхийн түвшинд өрсөлдөж буй залуусыг мөн харуулахыг зорьжээ.
“Бидэнд амьдрал цохилж буй их хотууд, цахим спортын дээд түвшинд өрсөлддөг залуус бий. Бид орчин үеийн Монголын хоёр талыг хоёуланг нь дэлхий нийтэд харуулахыг хүсдэг” гэж The MongolZ-ийнхан ярьсан байна.
Шинэ аянаа эхлүүлсэн шалтгаанаа тэд тэмцээн, нислэгийн тасралтгүй хуваариас түр завсарлан эх орондоо эргэн ирж, өөрсдийн өссөн орчин, замналын эхлэлийг сануулах хүсэлтэй холбоотой гэж тайлбарлав.
“Гэр” гэх ойлголт өөрчлөгджээ
Багийнхны хувьд тогтмол аялдаг болсноор “гэр” гэх ойлголт ч өөрчлөгдсөн байна. Өмнө нь энэ нь тодорхой нэг байр, хашаа, хотыг илэрхийлдэг байсан бол одоо багийнхан хаана байна, тэр газар нь гэр мэт санагддаг болжээ.
Гэсэн ч удаан хугацааны аяллын дараа Монголдоо буцаж ирэх мөч улам үнэ цэнтэй болсон гэж тэд хэлсэн байна. The MongolZ багийг урагшлуулдаг монгол хүний онцлог чанарыг нэрлэхдээ тэд “Тэвчээр хатуужил” хэмээн тодорхойлжээ.

Залуу үед үлгэр болохыг хүсэж байна
The MongolZ баг өөрсдийн замналаар дамжуулан Монголын залууст дэлхийн түвшинд хүрэх боломж байгааг харуулахыг зорьдог байна. “Бид MongolZ баг бол хэн ч байсан өөрийн зан чанар, үнэ цэнээ алдахгүйгээр дэлхийн тавцанд гарч чадна гэдгийн баталгаа болоосой гэж хүсдэг” хэмээн багийнхан ярьжээ.
“Дэлхий эндээс эхэлнэ” аяны нэр ямар утгатай талаар асуухад тэд Монголоос бүх зүйл эхэлсэн гэж хариулсан байна.
“Чухам энд л бид анх удаа тоглож, хамгийн анхны дэмжигчид маань биднийг дэмжиж, анхны тэмцээндээ мордож байсан. Түүнээс хойш болсон бүх зүйлийн үндэс эндээс эхтэй. Тиймээс л бидний хувьд дэлхий яг эндээс, гэрээс минь эхэлдэг” гэж The MongolZ-ийнхан онцолжээ.


2 comments
«Дэлхий гэрээс эхэлдэг» гэдэг үгнээс үнэхээр урам зориг авлаа
The MongolZ залуус маань үнэхээр мундаг байна аа!