Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хоёр хүний амь насыг хохироосон хэрэгт холбогдох Ц.Давгадорж нарт холбогдох хэргийг 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдал, талуудын мэтгэлцээн болон хавтаст хэрэгт цугларсан 14 хавтас, 3500 хуудас бүхий нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан байна.
Хэргийн нөхцөл байдал ба цагаатгах үндэслэл
Шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй гэж үзлээ. Харин ч хэрэг гарах үед болон хэргийн дараа үндсэн шүүгдэгч Ц.Давгадорж нь тэднийг боож унагаах, өмнөө сөгдүүлэх зэргээр хэрцгийгээр зодож, “ална, алуулна” хэмээн заналхийлж, эрхшээлдээ байлгаж байсан нь тогтоогдсон байна.
Улмаар Ц.Давгадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч зугтан, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэргийг илрүүлсэн дэс дараалал бүхий үйл явдал нотлогджээ. Иймд тэднийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Шүүхийн шийдвэрийн гол зүйлүүд
- Ц.Давгадорж: Прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдож, бүх насаар нь хорих ял авлаа.
- Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ: Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нотлох баримтгүй тул цагаатгагдаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгов.
- Шүүх хуралдаан: Насанд хүрээгүй шүүгдэгч оролцсон тул хуулийн дагуу хаалттай явагдсан.
- Давж заалдах эрх: Шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа оролцогч талууд дээд шатны шүүхэд хянуулах эрх нээлттэй.
- Мэдээллийн бодит байдал: Цахим орчинд тарсан тасархай зураг, дүрслэл нь хэргийг бүрэн илэрхийлэхгүй тул олон нийтийг худал мэдээлэл түгээхгүй байхыг шүүхээс анхааруулав.
“Шүүх нь үзэл бодол, таамаглалд хөтлөгдөх төдий байдлаар шийдвэрлэхийг хориглодог. Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.”