Киотогийн их сургуулийн судалгааны баг “Teraverse” болон “XNOVA” компаниудтай хамтран хүнтэй биечлэн харилцаж, харилцан яриа өрнүүлэх зориулалттай, хиймэл оюун ухаант хүн төрхт “Буддист робот”-ыг бүтээсэн байна.
Энэ талаар хөгжүүлэгчдийн мэдээллээс эш татан Medee.news сайт уламжлав.
“Buddharoid” хэмээн нэрлэсэн уг роботыг Хятадын “Unitree Robotics” компанийн “Unitree G1” хүн төрхт робот дээр суурилан бүтээсэн бөгөөд “BuddhaBot-Plus” системээр тоногложээ. Хөгжүүлэгчдийн мэдээлснээр, роботын харилцан ярианы модуль нь ChatGPT-ийн хамгийн сүүлийн хувилбарыг ашигладаг байна. Хариулт өгөхдөө эхлээд Буддын шашны судар номын хэллэгүүдийг ашиглаж, дараа нь “OpenAI”-ийн томоохон хэлний загварын тусламжтайгаар тайлбар, тодруулга нэмэх зарчмаар ажилладаг аж.
Мөн роботыг алхах, бөхийх, алгаа хавсрах зэрэг хэд хэдэн хөдөлгөөн хийж сургажээ. Систем нь хүний яриаг таних, нэгтгэн дүгнэхээс гадна дуут хариултыг биеийн хөдөлгөөнтэйгөө синхрончлох (уялдуулах) чадвартай. Хөгжүүлэгчид үүнийг “хүнтэй ижил түвшний хөдөлгөөн хийдэг, хоёр хөл дээрээ алхаж, байгалийн яриа өрнүүлж чаддаг анхны шашны хиймэл оюунт робот” хэмээн онцолж байна.
Энэхүү технологийг цаашид өөр салбарт ч ашиглах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, “эдийн засгийн онол”-д суурилсан хиймэл оюунт робот бүтээж, зөвлөгөө өгөх болон шинжилгээ хийх зэрэг зорилгоор ашиглаж болох ажээ.