Pussycat Dolls хамтлаг 16 жилийн дараа дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр эргэн нэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Pussycat Dolls

2000-аад оны алдартай охидын “Pussycat Dolls” хамтлаг дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр эргэн нэгдэж байгаа талаар “Page Six” портал мэдээллээ. Хэдийгээр тус хамтлаг өмнө нь шүүх цагдаагийн маргаан, цар тахлын улмаас цуцлагдсан тоглолт зэрэг олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч 16 жилийн завсарлагааны дараа дахин тайзнаа гарахаар бэлтгэж байна.

Хөгжмийн салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, “Don’t Cha” хит дууны эзэд болох тус хамтлагийн гоцлол дуучин Николь Шерзингер багтаа “албан ёсоор эргэн ирсэн” бөгөөд АНУ-д хэд хэдэн тоглолт хийхээр төлөвлөжээ. Өмнө нь хамтлагийн үүсгэн байгуулагч Робин Антин болон Николь Шерзингер нарын хооронд ашгийн хуваарилалтаас үүдэлтэй (Шерзингер ашгийн 75 хувийг шаардсан гэх) шүүхийн маргаан үүсэж, аялан тоглолт цуцлагдаж байсан түүхтэй.

“Pussycat Dolls” хамтлаг 1995-2010 оны хооронд идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа “Don’t Cha”, “Stickwitu”, “Buttons” зэрэг олон арван хит дууг дэлхийн сонсогчдод хүргэсэн юм. Хамтлагийн гоцлол дуучин, өдгөө 46 настай Николь Шерзингерийн хувьд “Формула-1”-ийн аварга Льюис Хэмилтонтой олон жил үерхэж байгаад 2015 онд салсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй