Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй цаг үеийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ авчрах тусгай үүргийн ажиллагаа амжилттай хэрэгжлээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан энэхүү нислэгийг удирдсан Агаарын хөлгийн дарга Ц.Ганбаатараар ахлуулсан баг бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, тэдний гаргасан хичээл зүтгэл, баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэв.
Ерөнхий сайд уулзалтын үеэр Монгол Улс иргэнийхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн аль ч цэгт хүрч чаддаг гэдгийг энэхүү үйл явдал баталсан бөгөөд энэ нь улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн тод илэрхийлэл болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр “Монгол хүн хүнд хэцүү үед эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай бөгөөд төр, засаг нь иргэнээ хамгаалж, эсэн мэнд авчрах үүрэгтэй” хэмээн дурдсан юм.
Уг ажиллагааны хүрээнд хийгдсэн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэгийн зарим үзүүлэлтийг дурдвал:
- Туулсан зам: Нэг талдаа 7800 км агаарын замыг туулсан.
- Үргэлжилсэн хугацаа: Нийт 22 цагийн турш тасралтгүй нислэг үйлдсэн.
- Ирсэн иргэд: Нийт 91 монгол иргэнийг эх оронд нь эсэн мэнд авчирсан.
- Дайран өнгөрсөн улсууд: Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсын агаарын хилээр онцгой байдлын горимоор нэвтэрчээ.
Энэхүү нислэг нь үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойн босгон дээр тохиож буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд тус компанийг түүхт ойдоо онцгой амжилт гаргаж, үйлчилгээний чанараа сайжруулан, энэ онд төлөвлөсөн нэг сая жуулчин хүлээн авах зорилтод үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Уг тусгай үүргийн ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам болон Ойрх Дорнодын бүс нутаг дахь Элчин сайдын яамд, United Arab Emirates Air Force болон олон улсын иргэний нисэхийн байгууллагуудтай нягт хамтран, өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэжээ.