Трамп НАТО-г шүүмжилж, холбоотнуудыг буруутгав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп НАТО

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах асуудлаар холбоотон орнуудын байр суурийг шүүмжилж, НАТО-г “маш бүдүүлэг алдаа” гаргаж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр холбоотнуудыг цэргийн оролцоонд татан оролцуулах уриалга гаргасан ч дэмжлэг хангалтгүй байгааг онцолсон байна.

Трамп Truth Social сүлжээнд нийтэлсэн байр сууриндаа НАТО-ийн гишүүн орнууд Ираны дэглэмийн эсрэг ажиллагаанд оролцохоос татгалзаж байгааг дурджээ. Мөн АНУ олон зуун тэрбум ам.долларыг холбоотнуудаа хамгаалахад зарцуулдаг атлаа хариуд нь дэмжлэг авч чадахгүй байгааг шүүмжилж, “НАТО бол нэг урсгалтай гудамж” хэмээн бичсэн байна.

АНУ-ын саналд Европын орнууд болгоомжтой хандаж байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал:

  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цэргийн ажиллагаа дууссаны дараа л Ормузын хоолойн аюулгүй байдлын эвсэлд нэгдэх боломжтой гэж мэдэгдэв
  • Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус “Энэ бол бидний дайн биш. Бид үүнийг эхлүүлээгүй” гэж байр сууриа илэрхийлэв
  • Германы засгийн газрын төлөөлөгч Штефан Корнелиус НАТО энэ мөргөлдөөнд оролцохгүй гэдгийг онцлов

Харин Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер холбоотон орнуудтай зөвшилцөл хийж байгаа ч одоогоор тодорхой шийдвэр гаргаагүй байна. Азийн орнуудаас Персийн булангийн нефтийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай БНСУ болон Япон улсууд Трампын уриалгад тодорхой хариу өгөөгүй хэвээр байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь энэ асуудлаар тайлбар хийхдээ, Хятад улс бүх талд хандан цэргийн ажиллагааг зогсоож, нөхцөл байдлыг намжаахыг уриалж байгаа бөгөөд мөргөлдөөнийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Ийнхүү Ормузын хоолой дахь нөхцөл байдал олон улсын хэмжээнд улс орнуудын байр суурийн зөрүүг ил болгож, холбоотнуудын хамтын ажиллагаанд сорилт үүсгэж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй