Apple шинэ CEO-оор Жон Тернусыг томилжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Apple компани Тим Күүкийг орлох шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо

Apple компани даваа гарагт Жон Тернусыг дараагийн гүйцэтгэх захирлаар томилсноо зарлалаа. Ингэснээр олон жилийн турш техник хангамжийн чиглэлийг удирдсан тэрбээр хиймэл оюун ухаан технологийн салбарыг огцом өөрчилж буй үед компанийн удирдлагыг гартаа авч байна.

Жон Тернус 2001 онд Apple-д элссэн бөгөөд түүнээс хойш компанийн гол бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх ажилд тогтвортой оролцож иржээ. Тэр дундаа Mac компьютерийн борлуулалтыг сэргээх, уламжлалт PC-тэй өрсөлдөх зах зээлийн байр суурийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг байна.

50 настай Тернус өнгөрсөн намар танилцуулсан iPhone Air загвараараа онцгой анхаарал татсан. Тус загвар нь 2017 оноос хойших iPhone-ийн хамгийн том шинэчлэлд тооцогдож байгаа бөгөөд шинэ чипүүдийг турших гол платформ болсон талаар мэдээлжээ.

Жон Тернус
Жон Тернус

Тэрбээр олон нийтэд төдийлөн ил харагддаг удирдагч биш ч Apple-ийн өргөн хэрэглээний хэд хэдэн бүтээгдэхүүний ард ажилласан нэгэн юм. Тухайлбал, iPad, AirPods зэрэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажилд оролцож байсан бөгөөд одоо хиймэл оюун ухаанаар тодорхойлогдох шинэ технологийн эринд Apple-ийг удирдах үүрэг түүнд шилжиж байна.

Сүүлийн үед Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр сууриа Nvidia-д алдаад байгаа нь шинэ удирдлагын өмнө хүлээгдэж буй сорилтыг улам тодотгож байна. Ийм нөхцөлд Тернус зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт төдийгүй компанийн өрсөлдөх чадварыг дахин бэхжүүлэх шаардлагатай болжээ.

Жон Тернус мөн Apple-ийн бүтээгдэхүүний ангиллыг илүү тодорхой ялгаруулахад хувь нэмэр оруулсан байна. Mac болон iPhone-ийн “Pro” загваруудыг нэвтрүүлснээр техник технологийн дэвшил, үнийн түвшнийг зэрэг ахиулсан бол нөгөө талд MacBook Neo, iPhone “e” зэрэг илүү хүртээмжтэй үнэтэй бүтээгдэхүүнүүдийг ч зах зээлд гаргажээ.

D.A. Davidson компанийн шинжээч Гил Луриагийн үзэж байгаагаар, Тернусыг сонгосон нь Apple ирэх жилүүдэд эвхэгддэг утас, ухаалаг нүдний шил, VR төхөөрөмж, AI төхөөрөмж зэрэг шинэ төрлийн техник хангамжид илүү төвлөрөх бодлогын дохио аж. Түүний өмнө тулгарах гол асуудал нь iPhone болон бусад бүтээгдэхүүнд хиймэл оюун ухааныг бодитой, үр ашигтай шингээх явдал гэж шинжээчид харж байна.

Энэ хүрээнд Apple энэ оны эхээр ухаалаг утасны салбар дахь өрсөлдөгч Google-тэй хамтран Gemini хиймэл оюуныг Siri туслахад ашиглах гэрээ байгуулсан байна. Энэ алхам нь Apple хиймэл оюуны өрсөлдөөнд илүү эрчимтэй оролцох стратегийн нэг хэсэг гэж үзэгдэж байна.

Apple-ийн мэдээлснээр Тим Күүк цаашид компанийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн даргаар ажиллах юм. Тэрбээр 2011 онд CEO болсноос хойш Apple-ийн хувьцааны үнэ 20 дахин өссөн бөгөөд цаашид ч бодлого боловсруулагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ингэснээр Apple компанийн удирдлага нийлүүлэлтийн сүлжээ төвтэй арга барилаас бүтээгдэхүүн, дизайн давамгайлсан чиг хандлага руу шилжиж байна. Жон Тернусын томилгоо нь зөвхөн удирдлагын өөрчлөлт бус, Apple-ийн ирээдүйн хөгжлийн шинэ үе шатны эхлэл гэж харагдаж байна.

  • Жон Тернус 2001 онд Apple-д элссэн
  • Тэр Mac-ийн борлуулалт, бүтээгдэхүүний шинэчлэлд голлон ажиллажээ
  • iPhone Air нь 2017 оноос хойших хамгийн том шинэчлэлд тооцогдож байна
  • Тим Күүк цаашид компанийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн даргаар ажиллана

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй