Холливудын нэрт жүжигчин Сэм Нилл цусны хорт хавдартай хийсэн таван жилийн тэмцэлдээ ялалт байгуулж, бүрэн эдгэрснээ олон нийтэд зарлалаа. Тэрбээр Австралийн 7News телевизэд өгсөн ярилцлагадаа сүүлийн үеийн шинжилгээний хариу маш сайн гарсан бөгөөд биед нь ямар ч хавдрын эс үлдээгүйг баяртай мэдээлэв.
Тэрбээр лимфомын ховор төрөл болох Т эсийн хавдартай гэж оношлогдон, олон жилийн турш химийн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн нь тодорхой хэмжээнд саарч, биеийн байдал нь хүндэрсэн үе байжээ.
Ийм эгзэгтэй үед тэрбээр анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга болох CAR T-cell therapy буюу дархлааны эсийг өөрчлөх замаар хавдрыг устгах туршилт-эмчилгээнд хамрагдсан байна. Энэхүү арга нь өвчтөний өөрийн дархлааны системийг “дахин программчилж”, хавдрын эсийг олж устгахад чиглэдэг байна.
Шинжилгээний эцсийн хариуг хараад Нилл “Одоо миний биед ямар ч хавдар алга. Ийм зүйл тохиолдож болдогт үнэхээр баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. “Юрийн галавын цэцэрлэг” цувралын доктор Алан Грантын дүрээр дэлхийд танигдсан тэрбээр эрүүл мэнд нь сэргэсний дараа дахин шинэ уран бүтээлд хүч үзэх эрч хүчээр дүүрэн байгаагаа илэрхийлж, кино зураг авалтын талбай руу эргэн очих цаг нь болсон гэв.
Үүний зэрэгцээ жүжигчин Сэм Нилл энэхүү аврагч эмчилгээг Австрали даяар илүү хүртээмжтэй болгохыг уриалж байна. Одоогоор CAR T-cell therapy нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд, тодорхой төрлийн хавдартай хүмүүст хийгддэг бөгөөд нэг өвчтөнд гарах зардал нь 600 мянган австрали доллар давдаг өндөр өртөгтэй эмчилгээ юм.
Тэрбээр анх 2022 онд “Jurassic World Dominion” киноны сурталчилгааны ажилтай явах үедээ хүзүүний булчирхай нь хавдсаныг анзаарч, улмаар 2023 онд оношоо албан ёсоор нийтэд мэдээлсэн түүхтэй.
Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн зорилготой бөгөөд эмнэлгийн зөвлөгөө биш юм. Эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн эмчид хандана уу.