Монголын морин спорт, уяачдын холбоо болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үйл явдал Үндэсний их баяр наадам дөхсөнтэй холбогдуулан, хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарч байгааг харуулж байна.
ГБХНХ-ийн сайд Т.Аубакир:
“Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал. Аймаг, сумдаар олон наадам, ой давхцаж буй энэ үед олон хүүхэд хурдан морь унаж байгааг харгалзан үзэж байна. Бид Баяр наадмын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хүрээнд шаардлагатай бүх заавар, зохицуулалтыг тусгасан энэхүү санамж бичгийг байгуулж байна. Гол зорилго нь — уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролын эрхийг хамгаалж, ямар ч эрсдэлгүй, соёлтой, хариуцлагатай наадам зохион байгуулахад оршино” гэж мэдэгдэв.
Тэрээр найман нас хүрээгүй хүүхдийг морь унахыг хориглосон заалтыг онцолж, асран хамгаалагчтай байгуулсан гэрээ, даатгал, эрүүл мэндийн үзлэг зэрэг бүхий л шаардлагыг биелүүлэхийг уяачдад уриаллаа. Энэ жилийн наадам “Нэг ч хүүхэд гэмтэх ёсгүй” уриан дор зохион байгуулагдана.
Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөл:
“Наадмын босгон дээр бид төрийн байгууллагатай хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд чиглэсэн чухал санамж бичиг байгууллаа. Холбооны 21 аймаг, нийслэлийн салбар, 330 сумын салбаруудаар дамжуулан уралдаанч хүүхдүүдийг хамгаалах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна” гэв.
Мөн тус холбоо 2025 оныг “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын жил” болгон зарласан бөгөөд Хүй долоон худагт уяачдын бүртгэлийг өглөөний 09:00–21:00 цагийн хооронд зохион байгуулж эхэлжээ. Бүртгэлд эцэг эхийн зөвшөөрөл, гэрээ, эрүүл мэндийн үзлэг, даатгал зэрэг шаардлагатай бичиг баримт заавал бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Морин спорт, уяачдын холбооны албан ёсны вэбсайт болон Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвийн цахим хуудсаас авах боломжтой.
Монгол түмний үндэсний өв соёлыг дээдэлж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан энэхүү санаачилга нь морь уралдааны уламжлалт соёл, орчин цагийн хариуцлагатай хандлагыг нэгтгэх алхам болж байна.