Монголын төрт ёсны 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг өнөөдөр орой 21:00 цагт дахин үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
Тус тоглолтын тасалбарын үнэ 80,000 төгрөг бөгөөд иргэд www.enaadam.mn болон www.ticket.mn цахим хуудаснаас худалдан авах боломжтой.
Энэ жилийн баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн урлагийн тоглолтыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар найруулсан байна. Тоглолтын агуулгад монгол түмний түүх, соёл, үнэт зүйл, бахархлыг харуулсан утга төгөлдөр уран бүтээлүүд багтжээ.
Нээлт болон хаалтын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож, үндэсний соёл, уламжлал, ёс заншлыг дээдлэн, урлагийн хүчээр ард түмэнд сэтгэлийн баяр баясал, ухаарал, бахархлыг нэгэн зэрэг хүргэж байна.
Наадмын зохион байгуулагчдын зүгээс “Баясал цэнгэл нь ард түмний баяр хөөр боловч үүний ард ухаарал мөнхөд дагах ёстой” гэдгийг онцлон дурдсан юм.