Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийсэн төрийн анхны айлчлал амжилттайгаар өндөрлөж, түүхэн хуудас нэмж үлдээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний гэргий Л.Болорцэцэг нар хүндэт зочдоо “Их тэнгэр” цогцолбор дахь өргөөнөөс ёслол төгөлдөр үдсэн бөгөөд айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалт хийж, ард иргэдийн найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцож, Монголын уламжлалт соёл, түүх, ёс заншлыг тольдсон онцгой арга хэмжээг хамтдаа үзэж сонирхсон нь хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөлийн шинэ үеийг эхлүүлж буйг илтгэж байв.
Тус айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй, Япон Улстай “хүн төвтэй”, “энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх” тусгай стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэн, олон улсын түвшинд баталгаажуулсан ховор боломж боллоо.
2019 оны 5 дугаар сарын 1-нд Японы хаан ширээнд заларснаар “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол”-ын эрин үеийг эхлүүлсэн Эзэн Хаан Нарүхито 2023 онд Индонез, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад төрийн айлчлал хийсэн бол гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийлээ. Тэрбээр 2007 онд Хунтайжийн хувиар Монголд ирж байсан түүхтэй.
Японы төрийн тэргүүн болон түүний гэргийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төрийн төлөөлөгчид ёс төртэйгөөр үдэж мордуулсан юм.