Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, ачааллыг зончилно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өрхийн эрүүл мэндийн төвүүд

Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга, удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулж, томуугийн улирлын үеийн зохион байгуулалтын талаар хэд хэдэн шийдвэр гаргажээ. Ялангуяа хүн амын нягтаршил ихтэй бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн тул өвчтөнүүдийг бусад байгууллагуудад үе шаттайгаар хуваарилан эмчлэх зохицуулалт хийхээр болсон байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн зарим хороодын өвчтөнүүдийг ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ үйлчилгээ авах боломжийг нь бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр нэг, хоёр эмнэлэг дээр төвлөрөх ачааллыг сааруулж, орны хүрэлцээг сайжруулах зорилготой.

Хүний нөөцийн хувьд тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд:

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Харьяа эмнэлгүүд
  • Үндсэн мэргэжлийн резидэнт эмч нараас бүрдсэн багуудыг дайчлан, үе шаттайгаар дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Мөн дараах нэмэлт зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл өгчээ.

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн үзлэг, эргэлтийг нэмэгдүүлэх, өвчтөн дээр нь очиж хяналт тавих ажлыг идэвхжүүлэх
  • Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах, ингэснээр энгийн үзлэг, зөвлөгөө, хөнгөн өвчтөнүүдийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллаас салгаж доод шатанд нь шийдэх
  • Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг хангаж, томуу, томуу төст өвчтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагч нарт олгодог 5 хүртэл хоногийн цалинтай чөлөөний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл түгээх
  • Хөнгөн хэлбэрийн томуу, томуу төст өвчтэй хүүхдэд хийх өдрийн эмчилгээг эрчимжүүлж, ЭМД-ын санхүүжилтийн холбогдох асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад даалгасан байна.

Ийнхүү өрхийн эмнэлгийн чадавхыг нэмэгдүүлж, уртасгасан цагаар ажиллуулах нь дээд шатны эмнэлгүүдийн ачааллыг бууруулахын зэрэгцээ иргэдэд ойрхон, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх шийдэл гэж албаныхан онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй