Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн А сорьцоос хориглосон бодис илэрчээ

0 comments
Т.Дүүрэнсарангаас

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн А сорьцын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор түүний барилдах эрхийг түр түдгэлзүүлээд байгаа аж.

Т.Дүүрэнсаран энэ жилийн наадамд дөрөв давж, тавын даваанд улсын гарди М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон юм. Одоогоор түүний А сорьцын шинжилгээнээс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрсэн байна.

Дростанолон нь Хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд багтдаг. Гэхдээ А сорьцын сөрөг аналитик илэрц нь допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсон гэсэн үг биш бөгөөд үр дүнгийн удирдлагын ажиллагаа цааш үргэлжлэх юм.

Тамирчинд нээлттэй эрхүүд:

  • Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах;
  • лабораторийн баримт бичгийн багцыг авах;
  • тайлбар болон нотлох баримт гаргах;
  • сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх.

Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны дараа Т.Дүүрэнсаран допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол холбогдох хариуцлага яригдах боломжтой. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо, шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй байна.

Иймд уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Б сорьц, тайлбар, нотлох баримт болон сонсголын ажиллагааны дараа эцсийн дүгнэлт гарах юм. Одоогоор Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын мэдээлснээр Т.Дүүрэнсарангийн барилдах эрхийг түр түдгэлзүүлээд байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй