Оросын шүүх Украины дайныг эсэргүүцдэг сөрөг хүчний улс төрч Лев Шлосбергт даваа гарагт 11 жил, нэг сарын хорих ял оноосон байна. 63 настай тэрбээр Яблоко намын дэд дарга бөгөөд 2016-2021 онд Псков мужийн хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж байжээ.
Москвагаас баруун хойд зүгт 600 км орчим зайд орших Псков хотын шүүх түүнийг Оросын зэвсэгт хүчний “нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан” хэрэгт буруутгасан байна. Харин Шлосберг өөрт нь тулгасан дээрх буруутгалыг үндэслэлгүй гэж няцааж иржээ.
Мөн даваа гарагт Оросын Дээд шүүх ирэх сард болох парламентын сонгуульд Яблоко намыг оролцуулахгүй байх өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улмаар тус намын давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.
Одоогоор Яблоко нь Украинд явуулж буй Кремлийн дайныг эсэргүүцдэг, албан ёсны бүртгэлтэй Оросын цорын ганц улс төрийн хүчин юм. Шлосбергийг дайныг зогсоохыг уриалсан хэлэлцүүлэг олон нийтийн дунд зохион байгуулсан, мөн Украины дайныг шүүмжилсэн утгатай зургийг өөрийн Телеграм сувагт нийтэлсэн гэх үндэслэлээр ялласан байна.
Хэрэгтэй холбоотой гол мэдээлэл:
- Лев Шлосбергт 11 жил, нэг сарын хорих ял оноосон;
- тэрбээр Яблоко намын дэд дарга;
- 2016-2021 онд Псков мужийн хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан;
- Оросын зэвсэгт хүчний талаар “худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр буруутгагдсан;
- Яблоко намын сонгуульд оролцох давж заалдах хүсэлтийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон.
Шлосберг сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахь удаагаа шүүгдэж байгаа аж. Өмнө нь тэрбээр “гадаадын агентын тухай хууль” зөрчсөн гэх шалтгаанаар шийтгүүлж байжээ.
Баасан гарагт шүүхэд өгсөн сүүлчийн мэдүүлэгтээ Шлосберг сүүлийн 30 жилийн хугацаанд Орос улс “эрх чөлөөний итгэл найдвараас эхлээд хүний болон иргэний эрх, эрх чөлөөг бараг бүрэн устгах хүртэл замыг туулсан” гэж хэлсэн байна. Мөн Украины дайн “Оросын иргэн бүрийн амьдралыг өөрчилсөн”, “дайны хохирлын жинхэнэ тоог сонсвол улс орон бүхэлдээ чичрэх болно” хэмээн анхааруулжээ.
Яблоко нам Шлосбергийг “Эх орноо хайрлаж, дайныг галыг зогсоохыг уриалсныхаа төлөө харгис шийтгэл хүлээсэн” гэж мэдэгдсэн байна. Тус нам шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мөн илэрхийлжээ.
Хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллага Шлосбергт оноосон ялыг буруушаасан байна. Тус байгууллагын Зүүн Европ, Төв Азийн бүсийн захирал Мари Струтерс “Түүнийг дур зоргоороо ялласан нь энх тайвныг уриалж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө илт өшөө авсан үйлдэл юм. Оросын эрх баригчид Лев Шлосбергийг нэн даруй, болзолгүйгээр суллаж, түүнд оноосон ялыг хүчингүй болгох ёстой” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press