АНУ-ын Юта мужийн оршин суугч Дуглас Стюарт Картер 1985 онд хүн амины хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон бөгөөд хэргийн газраас олдож, өмнө нь шинжилсэн дээжүүдтэй түүний ДНХ тохироогүй тул барьцаагаар суллагдахаар болжээ.
Энэ талаар CBS News мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр, Картерыг Юта мужийн Прово хотын цагдаагийн даргын авга эгч, АНУ-ын иргэн Ева Олесенийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, 1985 онд цаазын ял оноожээ. Гэвч түүнийг хэргийн газарт байсныг нотлох эд мөрийн баримт байгаагүй байна.
Тангарагтны шүүх Картераас авсан хэргээ хүлээсэн мэдүүлэг болон түүнийг Олесенийг хөнөөсөн тухай ярьж байсан гэж мэдүүлсэн хоёр гэрчийн үгэнд үндэслэн шийдвэр гаргажээ. Харин хожим хоёр гэрч хоёулаа мэдүүлгээсээ буцсан байна.
2025 онд Юта мужийн Дээд шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус үйлдэл гарсан гэж үзэн уг хэргийг дахин шалгах шийдвэр гаргажээ. Картер өөрөө хийгээгүй аллагыг хүлээхийг сүрдүүлэн тулгасан гэж мэдэгдсэн байна.
Харин амиа алдсан Олесений бэрийн хэлснээр, гэр бүлийнхэн нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ гэж найдаж байгаа аж. Түүний үзэж байгаагаар, ДНХ тохироогүй нь Картер хэргийн газарт байгаагүйг заавал нотлохгүй.
