АНУ-ын Зоосны үйлдвэр (US Mint) “American Innovation Coin” цувралынхаа хүрээнд Apple компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсын дүртэй шинэ нэг долларын зоосыг худалдаалж эхэллээ. Цуглуулагчдад зориулсан уг зоосыг тус үйлдвэрийн албан ёсны цахим хуудсаар захиалах боломжтой болсон тухай “MacRumors” хэвлэл мэдээлэв.
Зоосон дээр Жобсыг залуу үеийнх нь төрхөөр буюу алдарт хоолойтой цамц, жинсэн өмд, пүүзтэйгээр Хойд Калифорнийн байгалийн үзэмжийн өмнө дүрсэлжээ. Уран бүтээлчид түүнийг ямар нэг зүйл тунгаан бодож буй агшинд буулгасан бөгөөд энэхүү зохиомж нь Калифорнийн байгаль дэлхий түүний технологийн салбарт баримталдаг арга барилд хэрхэн нөлөөлснийг тодотгох зорилготой аж.
Зоосны загварыг Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом болон “Steve Jobs Archive” байгууллагын дэмжлэгтэйгээр бүтээсэн байна. Тус байгууллагын зүгээс Жобс мужийнхаа байгаль дэлхийтэй гүн гүнзгий холбоотой байж, Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргахдаа үүнээсээ урам зориг авдаг байсныг онцолжээ.
Амбан захирагч Ньюсом “Жобс бол Калифорнийн инноваци болон энтрепренер сэтгэлгээний бодит илэрхийлэл байсан. Түүний ‘Калифорнийн мөрөөдөл’-ийг биелүүлэх гэсэн тэмүүлэл нь олон сая америкчуудын мөрөөдөл биелэхэд тусалсан юм” хэмээн мэдэгдэв.
Зооснуудыг 25 ширхэгтэй багцаар 61 ам.доллар буюу нэг бүрийг нь 2.44 доллароор худалдаалж байна. Харин 100 ширхэгтэй багц нь 154.5 ам.долларын үнэтэй аж.
“American Innovation $1 Coin” хөтөлбөр нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд АНУ-ын бүх муж, нутаг дэвсгэрээс төрөн гарсан алдартай зохион бүтээгчид, шинийг санаачлагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой юм.