АНУ-д нэгэн эр өөрийн ховор Audi R8 суперкараа Pokémon Trading Card Game-ийн цуглуулгаар сольсон хачирхалтай наймаа олны анхаарлыг татаад байна. Уг цуглуулгын үнийг ойролцоогоор 140,000 ам.доллар гэж үнэлжээ. Энэхүү сонирхолтой хэлцлийн талаар “Dexerto” хэвлэл мэдээлсэн байна.
Цуглуулагч Жефф Притчетт нийгмийн сүлжээндээ Audi R8 машинаа Pokémon-ы томоохон цуглуулгаар сольсон тухайгаа хуваалцжээ. Уг цуглуулгад 75,000 орчим ам.долларын үнэ бүхий битүүмжлэлтэй багцууд болон 2017-2019 оны “Sun & Moon” цувралын 65,000 орчим ам.долларын үнэтэй ховор хөзрүүд багтсан байна.
Наймааны гол объект болсон уг автомашин нь “Audi R8 Exclusive Selection Edition” загварынх бөгөөд Хойд Америкийн зах зээлд ердөө 30 ширхэг үйлдвэрлэгдсэн маш ховор цуврал аж. АНУ-ын хоёрдогч зах зээл дээр Audi R8-ийн үнэ үйлдвэрлэсэн он, гүйлт болон техникийн байдлаасаа хамаарч 40,000-аас 160,000 ам.долларын хооронд хэлбэлздэг байна.

Сүүлийн жилүүдэд “Pokemon Trading Card Game” нь зөвхөн хобби төдий биш, хөрөнгө оруулалтын бие даасан салбар болон хөгжөөд байна. Ховор хөзөр болон задлаагүй багцууд нь хэдэн зуун мянга, бүр сая сая доллароор үнэлэгдэх болжээ. Шинжээчдийн тооцоолсноор, зарим Pokémon хөзрийн үнэ сүүлийн 20 жилийн хугацаанд 3000 гаруй хувиар өссөн нь технологийн томоохон компаниудын хувьцааны өсөлтөөс ч давсан үзүүлэлт юм.
Энэхүү түүх нийгмийн сүлжээнд тархсаны дараа хэрэглэгчдийн зарим хэсэг нь уг хэлцлийг зөв алхам гэж үзэж, дэмжсэн байна. Тэд суперкарын үнэ цаг хугацаа өнгөрөх тусам буурдаг бол ховор цуглуулгын хөзрүүд зах зээлийн тогтворгүй байдлыг үл харгалзан үнэ цэнээ алдахгүй, харин ч өсөх магадлалтайг онцолжээ.