АНУ-ын Төрийн департамент: Трампын засаг захиргаа 175 мянга гаруй виз хүчингүй болгосон

0 comments
Трампын засаг захиргаа 175 мянга гаруй виз цуцалжээ

АНУ-ын Төрийн департамент Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед гадаадын иргэдэд олгосон 175 мянга гаруй визийг цуцалсан талаар мэдээлжээ. Энэ нь цагаачлалын эсрэг авч хэрэгжүүлж буй өргөн хүрээний бодлого, хяналт шалгалтын арга хэмжээтэй холбоотой гэж тайлбарласан байна.

Тус департаментын даваа гарагт гаргасан мэдэгдэлд виз хүчингүй болгосон үндэслэлүүдийг дурджээ. Үүнд визийн нөхцөл зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, АНУ-ын иргэдийн эсрэг хүчирхийлэлд уриалсан, америкуудыг залилсан, цагаачлалын тогтолцоог урвуулан ашигласан, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зэрэг шалтгаан багтсан байна.

Виз цуцлагдсан түгээмэл үндэслэлүүд:

  • бусдын биед халдсан хэрэг;
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил;
  • хулгайн хэрэг;
  • хар тамхитай холбоотой гэмт хэрэг;
  • цагаачлалын тогтолцоог урвуулан ашигласан үйлдэл;
  • үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэх үндэслэл.

Төрийн департаментын мэдээлснээр, виз цуцалсан олон тохиолдол хууль сахиулах байгууллагатай холбоотой хэрэг, зөрчлийн дараа бүртгэгдсэн байна. Мөн хүчингийн хэрэг болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан хүн, хүн хулгайлах болон хүний наймааны хэрэгт холбогдсон хүн, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материал хадгалсан гэх 12 гаруй зүйл ангиар шалгагдаж буй хүний визийг хүчингүй болгосон жишээг дурджээ.

Үүнээс гадна Хойд Африк дахь АНУ-ын нэгэн ЭСЯ “төрөх аялал” хийсэн гэх 100 гаруй эцэг, эхийн визийг цуцалсан байна. Тэд хүүхдээ АНУ-д төрүүлж, улмаар хүүхдэд нь АНУ-ын иргэншил олгуулах зорилгоор тус улсад ирсэн гэж үзсэн аж.

Тус департамент нэгдүгээр сард 100 мянга гаруй виз цуцалсан тухайгаа өмнө нь мэдээлж байсан бөгөөд тухайн үед энэ нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм. Харин энэ удаагийн тоо 175 мянгаас давснаар цагаачлалын хяналт улам чангарсныг харуулж байна.

Трампын засаг захиргаа виз олгох шалгуурыг чангатгаж, виз хүсэгчдийн сошиал медиа дахь үйл ажиллагааг шалгах зэрэг нэмэлт хяналтыг өргөжүүлжээ. Ингэснээр АНУ-д зорчих, цагаачлах хүсэлтэй гадаадын иргэдэд тавих шалгуур өмнөхөөс илүү өндөр түвшинд хүрсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй