АНУ тусгаар тогтносныхоо 250 жилийн түүхт ойг угтаж буй энэ өдрүүдэд тус улсын нийгэмд ирээдүйдээ итгэх итгэл эрс суларсан болохыг шинэ судалгаа харууллаа. “CBS News” телевиз “YouGov” социологийн институттэй хамтран америкчуудын дунд томоохон хэмжээний тандалт явуулжээ.
Шилдэг он жилүүд ард хоцорсон уу?
Судалгаанд оролцогчдын үзэл бодлоос харахад АНУ-ын хөгжил цэцэглэлтийн алтан үе хэдийнэ түүх болон үлдсэн гэх хандлага давамгайлж байна. Санал асуулгын дүнгээс дурдвал:
- 47 хувь нь улс орныхоо хамгийн сайн цаг хугацаа ард хоцорсон гэж үзжээ.
- 41 хувь нь гэрэлт ирээдүй урд байна гэж найдаж байна.
- Ердөө 12 хувь нь өнөөгийн цаг үеийг АНУ-ын түүхэн дэх хамгийн шилдэг үе хэмээн тодорхойлжээ.
Үүнээс гадна респондентуудын 67 хувь нь Америкийн ардчилалд бодит аюул нүүрлээд байна гэж хариулсан бөгөөд нийт иргэдийн гуравны нэг нь ирэх 50 жилд улс орны нөхцөл байдал улам дордоно гэсэн гутранги таамаглалтай байна.
“Америк мөрөөдөл” зөвхөн элитүүдэд зориулагдсан уу?
Хүн бүр гарал үүслээсээ үл хамааран шаргуу хөдөлмөрлөж чадвал амжилт, эрх чөлөөнд хүрч болдог гэх алдарт “Америк мөрөөдөл”-д өнөөгийн иргэд итгэхээ больжээ. Судалгаанд оролцогчдын тэн хагас нь үүнийг биелэх боломжгүй гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, оролцогчдын ердөө 17 хувь нь энэхүү мөрөөдөл хэрэгжих боломжтой гэдэгт “бүрэн итгэлтэй” байгаагаа илэрхийлсэн юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 57 хувь нь өнөөгийн нийгэмд зөвхөн цөөн тооны элит давхаргынхан л бодит амжилтад хүрэх боломжтой гэж үзжээ.
Судалгааны тухай: Уг санал асуулгыг зургаадугаар сарын 23-ноос 26-ны өдрүүдэд АНУ-ын насанд хүрсэн 2150 иргэний дунд явуулсан байна.