Шинэ Зеландын Окленд хотын 24 настай оршин суугч Лиза Рид 13 жил хараагүй явсны эцэст гэнэт хараа орсон талаар Scoop мэдээлжээ. Тэрээр санамсаргүйгээр кофены ширээнд толгойгоо цохисны дараа маргааш өглөө нь хараа нь сэргэсэн байна.
Лиза 11 настайдаа тархины хавдрын улмаас хараагаа алдсан аж. Хавдрыг мэс заслын аргаар авсан ч харааны мэдрэл нь гэмтсэн тул эмч нар түүний байдлыг буцаах боломжгүй гэж үзэж байжээ.
Эмч нар явдлыг тайлбарлаж чадаагүй
Хараагаа алдсанаас хойш 13 жилийн дараа Лиза хөтөч нохой Амигаа үнсэхээр бөхийх үедээ тэнцвэрээ алдаж, эхлээд кофены ширээ, дараа нь шал мөргөн унасан байна. Харин өглөө сэрэхдээ тэрээр дахин харж байгаагаа анзаарчээ.
Эмч нар энэ явдлыг тодорхой тайлбарлаж чадаагүй байна. Зарим нь хараа алдалт сэтгэлзүйн буюу психосоматик шинжтэй байсан байж магадгүй гэж таамагласан ч албан ёсны дүгнэлт гараагүй аж.
Лиза Рид өөрт тохиолдсон явдлыг “бэлэг” гэж нэрлэсэн байна.