БНСУ Украинаас зарим дипломат ажилтнаа эгүүлэн татахаар боллоо

0 comments
БНСУ Украинаас зарим дипломат ажилтнаа эгүүлэн татахаар боллоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Засгийн газар Украинаас зарим дипломат ажилтнаа эгүүлэн татах шийдвэр гаргалаа. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.

“Украин дахь Элчин сайдаа эгүүлэн татсаны дараа ч Украины талаас бүтээлч арга хэмжээ аваагүйн дээр тус улсын нутаг дэвсгэр даяар агаарын цохилтын аюул нүүрлэж буйтай холбоотойгоор аюулгүй байдлыг хангахад хүндрэл үүссэн тул дипломат төлөөлөгчийн газрын зарим ажилтныг гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн” хэмээн БНСУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Пак Ду Суны хэлснийг “Yonhap” агентлаг эш татжээ.

Түүнчлэн БНСУ-ын ГХЯ-наас “Хоёр орны хооронд шаардлагатай дипломат сувгийн харилцааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд хэргийг түр хамаарагч гол үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдсэн байна. Пак Ду Сун өөрийн орны иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд консулын газар, хэлтсийн бүх ажилтнууд үргэлжлүүлэн ажиллана гэдгийг нэмж онцоллоо.

Дипломат ажилтнуудыг хэсэгчлэн татаж байгаа нь эсэргүүцлийн нэг хэлбэр мөн эсэх тухай асуултад ГХЯ-ны төлөөлөгч: “Манай Засгийн газар янз бүрийн сувгаар өөрийн байр суурийг Украины талд аль хэдийн хүргүүлсэн. Ийм нөхцөл байдалд ч [Украины талаас] бүтээлч алхам хийгдээгүй гэж үзсэний үндсэн дээр бид эдгээр арга хэмжээг авсан” гэж хариулжээ.

Өмнө нь буюу 10 дугаар сарын 8-нд БНСУ-ын Засгийн газар Украин дахь Элчин сайдаа эгүүлэн татахаар шийдвэрлэснээ зарлаж байсан юм. Тухайн үед тус улсын ГХЯ үүссэн асуудлыг бүтээлч байдлаар шийдвэрлэхийн тулд Украинтай зөвшилцлийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй