Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний гэргий Брижит нар 10 дугаар сарын 16-нд Парисын “Plenitude Arena”-д болсон дуучин Селин Дионы аялан тоглолтын ээлжит тоглолтыг үзэж сонирхсон нь улс орон даяар зарлагдсан өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаалын өмнөх өдөртэй давхцаж, олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. Энэ талаар “Le Parisien” хэвлэл мэдээлэв.
Уг тоглолт нь алдарт дуучны Парисын цуврал тоглолтуудын 15 дахь нь байсан бөгөөд нийт 35,000 орчим үзэгч цуглажээ. Макроныхан анхаарал татахгүйгээр ирж, гарсан хэдий ч үзэгчид тэднийг тусгай лож дотор байхыг нь анзаарсан байна. Францын тэргүүн хатагтай уг тоглолтод өөрийн ач хүү Орель болон ач охид болох Элиза, Камилла нарыг дагуулан иржээ.
Үзэгчдийн дунд мөн Бельгийн хөгжимчин Stromae, жүжигчин Омар Си, дуучин Zaho de Sagazan, Dadju зэрэг одууд байсан аж. Харин Селин Дион тайзан дээрээс өндөр албаны зочдын талаар ямар нэг байдлаар дурдаагүй байна.
Төрийн тэргүүний энэхүү үйлдэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан бөгөөд нийтийг хамарсан томоохон жагсаал эхлэхийн өмнөхөн Ерөнхийлөгчийг зугаа цэнгэл хөөрсөн хэмээн зэмлэжээ. Сөрөг хүчнийхэн болон шүүмжлэгчид нийгмийн хурцадмал байдал үүссэн энэ цаг үед төрийн тэргүүн ийм арга хэмжээнд хүрэлцэн ирснийг цагаа олоогүй үйлдэл хэмээн үзсэн байна.
Селин Дион 10 дугаар сарын 17-нд 16 дахь тоглолтоо толилуулснаар Парисын аялан тоглолтоо амжилттай өндөрлүүлсэн билээ. Түүний Францын нийслэлд хийх дараагийн цуврал тоглолтууд 2027 оны 5 дугаар сард буюу тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
