e.l.f. Cosmetics-ийг хамтран үүсгэн байгуулагч тансаг амьдралаас татгалзаж, санваартан боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Скотт-Винсент Борба

Америкийн бизнесмэн Скотт-Винсент Борба асар их хөрөнгө чинээ, тансаг амьдралаасаа татгалзаж, шашны замаар замнахаар шийджээ. “Independent” хэвлэлийн мэдээлснээр, гоо сайхны алдартай “e.l.f. Cosmetics” брэндийг хамтран үүсгэн байгуулагч, өдгөө 52 настай тэрээр Холливудын хэв маягаас залхаж, итгэл үнэмшлээ дагасан байна.

Миллионер эр хэдийгээр эд хөрөнгөөр дутаагүй ч сэтгэл ханамжгүй байх болсон тул бүх хөрөнгөө сайн үйлсийн аянд хандивлаж, үлдсэн амьдралаа Бурханд зориулахаар шийджээ.

“Би тансаг амьдралын тод жишээ байлаа. Кардашьяны гэр бүл, Пэрис Хилтон нартай хамт цэнгэж, ‘Холливуд’ маягаар амьдардаг байв. Би тэр үед огтхон ч даруу төлөв хүн байгаагүй” хэмээн тэрээр хүлээн зөвшөөрчээ.

Улмаар тэрээр бүх үнэтэй эдлэн хөрөнгөө зарж, Калифорни мужийн Менло-Парк дахь Гэгээн Патрикийн семинарт (шашны сургууль) амьдрахаар явсан байна.

Скотт-Винсент Борба

Өдгөө тэрээр католик шашны санваартны хэргэм хүртэхээр бэлтгэгдэж байна. “Би маш жижигхэн өрөөнд амьдарч байгаа бөгөөд тэнд юу ч байхгүй, хов хоосон. Миний амьдрал зөвхөн хамгийн наад захын хэрэгцээт зүйлсээр л хязгаарлагдаж байгаа ч би амьдралдаа хэзээ ч ийм жаргалтай байж үзсэнгүй” гэж тэрээр ярьжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй