Хятадын Тяньшуй хотын нэгэн хүүхдийн цэцэрлэгийн захирал асан хүүхдүүдийг хар тугалгаар хордуулсан хэрэгт бүх насаар нь хорих ял сонсжээ. Энэ талаар Хятадын Төв телевиз мэдээлсэн байна.
Хэрэгт холбогдсон бусад хүмүүст ч ял оноожээ. Цэцэрлэгийн гүйцэтгэх захирал 15 жилийн хорих ял, 300 мянган юанийн буюу 44 900 ам.долларын торгууль авсан бол өөр дөрвөн ажилтанд 6-8 жилийн хорих ял оноосон байна.
Шүүгдэгчдийг хүнсний хортой, эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан онц хүнд нөхцөлтэй гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Мөрдөн шалгалтын мэдээллээр, цэцэрлэгийн удирдлагууд гал тогооны ажилтнуудад зургийн зориулалттай будаг худалдан авч, шингэлээд гуриланд хольж хэрэглэхийг үүрэг болгосон байна. Уг гурилаар гурван өнгийн финиктэй кекс болон хиамтай эрдэнэ шишийн ороомог хийдэг байжээ. Үүнийг цэцэрлэгийг илүү сонирхол татахуйц харагдуулахын тулд хийсэн гэж мөрдөн байцаагчид тогтоосон байна.
2024 оны 5-р сараас эхлэн ийм хоолыг хүүхдүүд болон ажилтнуудад сард дунджаар зургаан удаа өгч байжээ. Лабораторийн шинжилгээгээр будаг ашиглан хийсэн хоол дахь хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2680 дахин өндөр байсан байна. Шинжилгээнд хамрагдсан 28 ажилтан болон 251 хүүхдийн 247-гийнх нь цусан дахь хар тугалгын хэмжээ өндөр гарчээ.
