Д.Трампад 321 очир эрдэнэтэй алтан бөгж бэлэглэжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Антверпений Дэлхийн алмаазны төв (AWDC) тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампад үнэт чулуун шигтгээтэй алтан бөгж бэлэглэсэн байна. 321 очир эрдэнэ бүхий уг бөгжийг АНУ-аас Бельгид суугаа Элчин сайд Билл Уайтад гардуулан өгчээ.

AWDC уг бэлгийг хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны бэлгэдэл болгон өргөн барьсан гэж тайлбарласан байна. Тус төвийн мэдээлэлд Антверпенийн байгалийн очир эрдэнийн худалдаанд АНУ чухал байр суурь эзэлдэг болохыг онцолжээ.

“АНУ бол олон үеийн турш манай худалдааны гол түнш байсаар ирсэн. Антверпенээс худалдаалж буй байгалийн очир эрдэнийн дийлэнх хувь нь эцэстээ Америкийн худалдан авагчдын гарт очдог. Бид энэхүү бөгжийг манай эдийн засгийн нягт харилцааны бэлгэдэл болоосой гэж хүсэж байна” хэмээн уг мэдээлэлд онцолсон байна.

Бөгжний тухай гол мэдээлэл:

  • Алтаар урласан;
  • 321 байгалийн очир эрдэнэ шигтгэсэн;
  • Өөр төрлийн 75 үнэт чулуугаар чимэглэсэн;
  • АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан.

AWDC-ийн Фэйсбүүк хуудсанд мэдээлснээр, уг бөгжийг байгалийн гаралтай очир эрдэнийн үнэ цэн, онцлогийг харуулах зорилгоор урласан байна. Тус төв хиймэл болон байгалийн очир эрдэнийн ялгааг мөн онцлон тайлбарлажээ.

“Байгалийн болон хиймэл очир эрдэнийг энгийн нүдээр ялгах боломжгүй хэдий ч үүсэл гарал, өвөрмөц ховор чанар, үнэ цэн, зэрэглэлээрээ эрс ялгаатай байдаг” гэж тус төв мэдэгдэлдээ дурдсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй