Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын эмэгтэй шигшээ багийн гурван тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Аравдугаар сарын 27-нд эхэлсэн дөрвөн жингийн барилдааны дараа Т.Энхжин, Б.Хулан, Э.Даваанасан нар медалийн төлөө өрсөлдөх эрхээ аваад байна. Медалийн барилдаанууд 21:00 цагаас эхэлнэ.
Т.Энхжин Японы Нана Икехататай барилдана
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө Японы Нана Икехататай хүч үзэхээр болжээ.
Харин дагах барилдаанд орсон Б.Хулан болон Э.Даваанасан нар өрсөлдөгчдөө цэвэр ялснаар мөн хүрэл медалийн төлөө барилдах эрхээ авсан байна.
57 кг-ын жинд ОУХМ Б.Хулан энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскаг дагах барилдаанд ялжээ. Ингэснээр тэр Беларусын Ирина Курочкинатай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан Литвийн Камиле Гаукайтег дагах барилдаанд буулган авчээ. Түүний хүрэл медалийн төлөөх өрсөлдөгч нь ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Кыргызстаны Айпери Медет Кызы байх юм.
Өнөө орой медалийн төлөө барилдах Монголын бөхчүүд:
- 57 кг: Б.Хулан — Ирина Курочкина
- 65 кг: Т.Энхжин — Нана Икехата
- 76 кг: Э.Даваанасан — Айпери Медет Кызы
Э.Дэлгэрмаа хагас шигшээд шалгарчээ
Өнөөдөр тэмцээнээ эхлүүлсэн Монголын дөрвөн эмэгтэй бөхөөс 68 кг-ын жинд барилдсан Э.Дэлгэрмаа хагас шигшээд шалгарсан байна.
Тэрээр 19:30 цагаас Кыргызстаны Мээрим Жуманазароватай финалд шалгарахын төлөө барилдана.
Харин 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин Казахстаны Ирина Кузнецоватай барилдаж, даралтаар ялагджээ.
72 кг-ын жинд З.Болортунгалаг Японы Махиро Ёшитакетэй учраа таарч, ялагдал хүлээсэн байна.
Ийнхүү аравдугаар сарын 28-ны орой Монголын гурван бөх хүрэл медалийн төлөө барилдах бол Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд шигшээ барилдаанд шалгарахын төлөө хүч үзэхээр болоод байна.

1 comment
Монголын гурван бөхдөө амжилт хүсье, заавал медаль аваарай