K-pop-ын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса Америкийн “Vanity Fair” сэтгүүлийн алдартай “Худал илрүүлэгч тест” нэвтрүүлэгт уригдан оролцож, худал илрүүлэгч машинд холбогджээ. Түүний цахим ертөнцийг шуугиулж буй энэхүү сонирхолтой ярилцлагын үеэр фенүүдийнх нь урьд өмнө сонсож байгаагүй олон сонирхолтой нууцууд ил болсон байна.
Тайланд гаралтай дуучин бүсгүй амьдралынхаа чухал шийдвэрүүдэд үзмэрчийн зөвлөгөөг дагадаг бөгөөд анхны “Пранприя” нэртэй байхдаа нэрээ солих шийдвэрийг ч мөн үзмэрчийн хэлснээр гаргаж байжээ. Тэрээр хамгийн сүүлд ердөө нэг сарын өмнө үзмэрч дээр очиж, өөрийнх нь 2026 оны амьдрал хэрхэн өрнөх талаар асуусан байна. Хамтлагийнхан нь үүнд итгэдэггүй гэдгийг дурдсан тэрээр BLACKPINK-ийн амжилтыг үзмэрчийнх биш гэдгийг батлав. Лиса “Үгүй ээ, энэ бол үзмэрчийнх биш, бид дөрвийн хичээл зүтгэл” хэмээсэн нь үнэн болохыг төхөөрөмж баталсан юм.
Солонгос, тай, англи хэлийг гарамгай эзэмшсэн од бүсгүйгээс хөтлөгч зөвхөн нэг хэлээр ярьдаг хүмүүсийг залхуу гэж боддог эсэхийг нь асуухад тэрээр үгүйсгэсэн ч полиграф машин түүнийг “ХУДАЛ хэллээ” хэмээн зааж сандаргажээ. Тэрээр сандарсандаа “Үгүй ээ, тэд үнэхээр залхуу биш” гэж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд цаашид хятад хэл сурахаар төлөвлөж байгаагаа хуваалцлаа. Түүнчлэн Лисагийн тайзны алдартай хувцаслалт, дүр төрхийн салшгүй хэсэг болох чёлк үсний талаарх асуултад машин тодорхой хариулт өгч чадаагүй байна.

Сүүлийн үед дэлхий даяар хүчээ авч буй “Лабубу” хүүхэлдэйн соёлыг дэлгэрүүлэгч гэгдэх тэрээр PopMart-аас тусгайлан нууц хувилбарыг нь бэлгэд авч байснаа дурдсан юм. Энэ үеэр тэрээр хайр дурлалын харилцааны тал дээр хэрэв үерхэж буй залуу нь түүний Labubu-г хөөрхөн гэж бодохгүй байвал “Гарцаагүй мөн. Шууд Улаан туг!” хэмээн хариулж, машин үүнийг нь үнэн гэж заажээ. Үүнээс гадна уг сонирхолтой нэвтрүүлгийн явцад Лисагийн карьер болон хувийн амьдралтай холбоотой хэд хэдэн анхаарал татам баримтууд дараах байдлаар дэлгэгдсэн юм:
- Бүжиг дэглээч Шон Бэнкхэд түүнийг “робот шиг хурдан сурдаг” гэж үнэлснийг тоглоом болгон зөвшөөрсөн ч худал илрүүлэгч үүнийг нь няцаасан тул тэрээр өөрийгөө муу худалч гэдгээ хүлээн зөвшөөрөв.
- Тэрээр “The White Lotus” цувралын 3-р улиралд дүр бүтээж, жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд хамтран тоглогчтойгоо бодит амьдрал дээр дотно найзууд болсон байна.
- Бусдын зүрхийг шархлуулж байсан уу гэх асуултад тэрээр “Би ихэнхдээ зүрх нь шархалсан талд нь байсан” хэмээн гунигтайгаар өгүүлсэн нь үнэн болох нь тогтоогджээ.
Ярилцлагын төгсгөлд хөтлөгч Жэймс Бондын дараагийн дүрд Каллум Төрнер (Callum Turner), Жэйкоб Элорди хоёрын хэнийг нь илүүд үзэхийг шалгаахад Лиса өмнөх орой нь киног нь үзсэн учраас Каллум Төрнерийг сонгосон байна. Нэвтрүүлгийг маш өхөөрдөм бөгөөд нээлттэй өндөрлүүлсэн тэрээр шалгалтын явцад огт худал хэлэлгүйгээр сорилтыг амжилттай дуусгажээ.